Хятадын тэрбумтан, “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жак Ма өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш олны нүднээс далд амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд тэрбээр нэг л удаа ил гарч хөдөө орон нутгийн багш нартай цахимаар уулзсан юм.
Түүний ийнхүү нуугдмал амьдарч байгаа нь Хятадын Засгийн газраас “Alibaba” группт тавих хараа хяналтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Зарим хүмүүс Жаг Маг хоригдсон байж магадгүй ч гэж үзэж байв.
Тэгвэл “Alibaba”-г үүсгэн байгуулагчдын нэг Жо Цай түүний сургийг гаргажээ.Тэрбээр өчигдөр /2021.06.15/ Америкийн “CNBC” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Жак Магийн эрүүл мэнд, сэтгэл санаа маш сайн, зураг зурах авъяасаа хөгжүүлж, нам гүм амьдарч байгаа” хэмээн ярьсан байна.
Иймд түүний нам гүм амьдарч буйг “Alibaba” групп болон Засгийн газар хоорондын асуудалтай холбож ойлгох шаардлагагүй хэмээжээ.
Жак Ма өнгөрсөн 2020 оны намар Шанхайд болсон нэгэн арга хэмжээнд оролцохдоо илтгэл тавьж, улсынхаа санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай болсон гээд, төрийн өмчит банкуудыг “ломбардын зарчмаар ажилладаг” хэмээн шүүмжилсэн.
Үүний дараагаас хэрэг бишдэж, “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани “Ant Group”-ийн маш том хувьцааны наймааг эрх баригчид цуцалсан билээ.
Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол Шанхай болон Хонгконгийн хөрөнгийн биржүүдээс нийт 37 тэрбум ам.доллар босгож, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох байв.
Одоо эрх баригчид “Ant Group”-ийг үндсэн бизнес болох төлбөр тооцооны үйл ажиллагаандаа төвлөрч, өөр салбарт өргөжихийг нь хориглох чиглэл өгөөд байгаа.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ