Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас худалдаа үйлчилгээ явуулж буй ААН-үүдэд шалгалт хийжээ. Хяналт шалгалт, зөвлөн туслах чиглэлээр хүнс, хоол үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний худалдаа, фитнесс чийрэгжүүлэх болон сургалтын төв зэрэг нийт 70428 газарт шалгалт хийсэн байна.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ:
-Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй 7500 зөрчлийг илрүүлж, 4323 зөрчлийг арилгуулж, 98 иргэн ААН-үүдэд улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан байна. Тухайлбал, Бөмбөгөр, Баянзүрх, Дүнжингарав зэрэг худалдааны үйлчилгээний 91 байгууллагад улсын байцаагчийн шаардлагын дагуу хугацаатай үүрэг даалгавар өглөө. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд хувь хүнд 104 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Цаашид худалдаа үйлчилгээний газруудад нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хяналт шалгалтыг хийнэ.
Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.ХОНГОР:
-Ресторан зоогийн газар, зочид буудал, баар зэрэг 444 ААН-д шалгалт хийхэд 134 зөрчлийг илрүүлсэн. Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагаа явуулсан долоон ААН-ын үйл ажиллагааг зогсоож, таван байгууллагад гурван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Шөнийн шалгалтаар УОК-ын 41-р журамд заасанчлан худалдаа үйлчилгээний байгууллагуудад дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан ажилтныг ажиллуулах, бүрэн тунтай иргэдэд вакцины гэрчилгээг үндэслэн үйлчлэх, халдвар хамгааллын тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарсан. Мөн хүний бөөгнөрөл үүсгэж, хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаагүй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон.
Холбоотой мэдээ