“Би эх орондоо ирсэндээ харамсч байна”

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

“Би эх орондоо ирсэндээ харамсч байна”

“Би эх орондоо ирсэндээ харамсч байна”

Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн 2020 оны аравдугаар сард эх орондоо ирж, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байх хугацаандаа Covid-19 халдвар авсан. Тэрбээр сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, мэдээлсэн. Гэвч түүнд хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбаттай холбогдож тодрууллаа.


-Шүүхээс танд оногдуулсан 500 мянган төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон. Таныг Зөрчлийн тухай хуулиар торгоод зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоо хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Намайг өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, өнгөрөгч нэгдүгээр сараас хойш зургадугаар сар хүртэл хуулийн байгууллагаас шалгаж, шүүхийн шийдвэр миний талд гарлаа. Гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтан байгаа. Ер нь Зөрчлийн тухай хуулийн энэ заалт зөв үү гэдгийг эргэн харах шаардлагатай санагдсан. Саяхан нэг судалгаанаас харахад зөрчлийн хэргийн шийдвэрээр 70 орчим тэрбум төгрөг төсөвт суулгасан гэсэн байна лээ. Монголд энэ хуулийн торгуулийг төлөх чадамжтай хүн хэд байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүний эрхийн зөрчил үүссэн эсэх талаарх өргөдөл гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст өгчихсөн байгаа.

Ард иргэдийг төөрөгдүүлсэн гэдэг үндэслэлээр 4-14 сая төгрөгөөр торгох эсвэл 6-36 сараар хорих ялтай хэрэгт яллагдагчаар татсан. Одоо эрүүгийн хэрэг үргэлжилж байгаа, прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Хараахан шүүх хурал нь товлогдоогүй  байна.

-Тантай өмнө нь холбогдоход эх орондоо ирснээс хойш цагдаагийн газар, эмнэлгээс салсангүй гэж байсан. Одоо бие нь хэр байна?

-Миний хувьд эх орондоо ирсэн найман сарын хугацаанд цагдаагийн газар, эмнэлгээс огт салсангүй. Ажил хийх ямар ч боломж ч олдохгүй. Эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн дарамтад байлаа. Монголд хүний сэтгэл зүйн хохирол гэдгийг ерөөсөө авч хэлэлцдэггүй.

Анх цар тахал эхэлж байхад гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах байранд байлгаж, тэндээсээ гараад гэртээ 14 хоногийн тусгаарладаг байсан. Гэтэл одоо улсын хэмжээнд улаан бүс болсон хэрнээ халдвартай иргэдийг долоо хоног тусгаарлаж, гэртээ дөрөв хоног өөрийгөө тусгаарлах шаардлагыг тавьж байна. Ийм шийдвэр гаргаж болох байсан бол яагаад тухайн үед нь иргэдээс олон хоногийн тусгаарлалтын төлбөр авсан юм бэ.

Монгол Улс өнөөдөр цар тахлын халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байхад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хаана байгаа юм бэ. Өмнө нь хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож, хамаг бизнесийн байгууллага, аж ахуй нэгжээ сөхрүүлж хаячихаад эрх баригчид өөрсдийн сонгуулиа хийх болохоор ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй байгаа нь шударга бус санагдаж байна. Эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль дүрэм гаргаад л, ДЭМБ-ын зөвлөмжийг бүрэн дагахгүй байна.

-Эх орондоо ирсэндээ харамсдаг уу?

-Би гаалийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн. ОХУ-д долоон жил суралцаж байгаад 2020 оны аравдугаар сард эх орондоо ирсэн. Миний хувьд Солонгос, Япон, Хятад улс руу мэргэжлээрээ магистр хамгаалах төлөвлөгөөтэй  байсан. Гэвч цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хаасан. Би хэрвээ эх орондоо ирээгүй байсан бол цагдаа шүүхээр явахгүй, ядаж  ажилтай орлоготой байх байсан болов уу. Эх орондоо ирсэндээ харамсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж