ЗГ: Ирэх сард 6-8 төрлийн халамж, дэмжлэгийг зогсооно

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

ЗГ: Ирэх сард 6-8 төрлийн халамж, дэмжлэгийг зогсооно

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, June 15, 2021

"НААДМААС ХЭМНЭСЭН МӨНГИЙГ ЦАР ТАХАЛД ЗАРЦУУЛНА"

Засгийн газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр “УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан. Тодруулбал, эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нэг ч хүнийг нас баруулахгүйн тулд ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй байхын тулд иргэд, ААН-үүдийн хүчин чармайлт чухал байна. Орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг хориглож, нийслэлд наадмыг тэмдэглэхдээ цахимаар үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна” гэлээ.

ОЛОН ДАВХАРДСАН ХАЛАМЖУУДААС ТАТГАЛЗАЖ  ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ РҮҮ ЯВНА

Сангийн сайд Б.Жавхлан “ Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.  Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Энэ жил экспортуудын гол түүхий эдүүдийн үнэ монголд таатай байсан нь эдийн засагт эерэгээр нөлөөллөө.

Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна.

Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наяд төгрөгийн абсолют дүнгийн өсөлттэй гарсан. Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн.

Тэрбээр "1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-үүд 2019 оны суурьтай нь харьцуулахад 13 хувиар өссөн. 2020 онтой харьцуулахад 33 хувийн өсөлттэй эдийн засгийн нааштай үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, Төв банкны репо санхүүжилт болон ипотекийн зээл эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн. Тухайлбал, эдгээр зээлүүдийн хүүний зөрүүн дээр иргэдэд өгч байгаа хөнгөлөлтийн нийт зардал одоогоор 94 орчим тэрбум төгрөг болсон байна. Үүнээс зөвхөн төсөвт орж ирэх НӨАТ-ын орлого 150 тэрбум төгрөг байна. Хэрэв 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол банкны системийн зээл өнгөрсөн оныхоос бууралттай гарах байсан. Энэ жил нийтдээ дор хаяж таван их наяд төгрөгийн зээл дээр дурдсан гурван төрлийн сувгаар гарах ёстой. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бид төсвийн тодотгол хийдэг хуультай. Тодотгол хийх төсвийн хуульд таван нөхцөл байдаг.

Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн нөхцөл байдал бүрдээгүй. Долдугаар сарын 1-нд найман төрлийн халамжийн дэмжлэг дуусгавар болно. Эдгээр дэмжлэгүүдээс алийг нь үргэлжлүүлэх, алийг нь цуцлах вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ.

Цаашид эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл тэр хэмжээнд төсөв дотроо зохицуулалт хийх боломжууд бий. Урьдчилсан нөхцөл байдлаар дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтүүдийг долдугаар сарын 1-нд зогсоож, хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрийг төсвийн орлоготой уялдуулж гаргана. Цаашдаа бид халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Олон давхардсан халамжуудаас татгалзаж бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү явна. Гэхдээ энэхүү бодлогын шилжилтийг хийхдээ нийгмийн эмзэг хэсгийг орхихгүй.

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД 2021 ОНД ТАВИГДСАН ТЕНДЕР НЬ ЗАРЛАГДААГҮЙ, ГАЗАР НЬ ШИЙДЭГДЭЭГҮЙ 61 ТӨСӨЛ БИЙ

Аль нэг бараа үйлчилгээний үнэ савлах бүрд Засгийн газраас үнийг нь хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсвөөр төлж татвар төлөгчдийн нуруун дээр авчраад байж болохгүй. Үүнийг зах зээлийн горимоор нь явуулах хэрэгтэй. Гагцхүү судалж үзээд зах зээлийн бус нөлөө байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дамлан зарж байгаа, монополь болж байгаа дээр зохицуулалт хийнэ. Харин суурь үнэ зах зээлийнхээ жамаар явна. Монголд төдийгүй дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсч байгаатай холбоотой металл хийцийн үнэ өсч байна. Бид үүнд нөлөөлж чадахгүй. Шингээхээс өөр аргагүй.Харин тээвэрлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлогоор дэмжиж болно. Тухайлбал, цементийн дотоодын үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болсон. Үүний үр дүнд арматурын үнэ нэмэгдэхэд цементийн үнэ нэмэгдээгүй.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2021 онд тендер нь зарлагдаагүй, газар нь шийдэгдээгүй 61 төсөл бий. Эдгээрийг зогсоох талаар Засгийн газар ярилцаж байна. 2022 оны төсвийг батлахдаа шинэлэг байдлаар хандана.

Энэ жил 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 31-ний байдлаар 8.7 сая буюу өмнөх жилээс хоёр дахин бага гарсан. Машины тооны хувьд өдөрт 200-300 орчим гарч байна.

НААДМЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА

НЭМЭЛТ:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарчээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа цар тахлын халдвараас сэргийлж, цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин  аймаг, орон нутаг Үндэсний баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний  их баяр наадмыг цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулж байсан билээ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11.40 цагт мэдээлэл хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар Covid-19 халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. 

УИХ-аас  батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өчигдөр хуралдсан. Энэ үеэр  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал,  хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ" гэдгийг мэдэгдсэн.

  • УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох,
  • Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах,
  • Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргасан. 

Энэ бүх асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэр гаргах юм. Дашрамд дурдахад, Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүйгээр хатуу хяналт тавихаа мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
10
БурууБуруу
8
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж