Covid-19-ийн гуравдахь давалгаа, мутаци
Covid-19-ийн гуравдахь давалгаа, мутациhttps://news.mn/r/2442172/
Posted by News.mn on Wednesday, June 16, 2021
Дэлхий дахинаа цар тахал эхэлснээс хойш өдгөө 177 сая хүн халдвар авч, 3.8 сая хүн нас бараад байна. Өдгөө доорх таван орон нийт өвчлөл, нас баралтаар тэргүүлж байгаа юм.
АНУ-Д “DELTA” МУТАЦИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА
“Worldometers” сайтад мэдээлснээр Covid-19 цар тахлаар АНУ-д нийт 34 сая хүн өвчилж, 615 мянга гаруй хүн нас барснаар дэлхийг тэргүүлж байна. АНУ-д цар тахлаар нас барсан хүний тоо дэлхий дахинаа нийт эндэгдлийн 15 орчим хувийг эзэлж байна. Америкийн Нэгдсэн улс даяар цар тахлын тархалтыг зогсоохоор тогтоосон хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ вакцинжуулалттайгаа уялдуулан сулруулж эхэлсэн юм. Тухайлбал, Нью-Йорк хот хөл хориогоо сулруулж, энгийн амьдралдаа эргэн орохоо зарлаад байна. Тус хотын хүн амын 70 орчим хувь нь вакцинжуулалтын эхний тундаа хамрагдсанаар хязгаарлалтыг сулруулахаар шийджээ. Гэсэн ч тус хотод цар тахлын улмаас 53 мянга 500 хүн нас барсан юм. Хэдийгээр хязгаарлалтын дэглэмийг сулруулж байгаа ч зай барих, тодорхой хувийн дүүргэлттэй үйлчлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх, хавьтагчдыг хянах зэрэг журмууд хэвээр мөрдөгдөх аж. Цар тахал олон улсад тархсанаар мутацид орж, өдгөө “Alpha” (B.1.1.7) болон “Delta” (B.1.617.2) хувилбарууд нь халдварлах болон өвчин хүндрэх шинж чанар нь нэмэгдсэн. АНУ-д “Alpha” мутаци илүү тархсан ч “Delta” хувилбарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь санаа зовоож байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын 10 орчим хувийг “Delta” хувилбар эзэлж байгаа аж. Энэтхэгээс гаралтай “Delta” мутаци нь халдварлах болон үхэлд хүргэх шинж чанараараа илүү өндөр юм. Гэхдээ АНУ-ын мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагдсанаар хоёр төрлийн мутациас хамгаалагдана гэж үзэж байна.
ЭНЭТХЭГТ COVID-19-ИЙН ГУРАВ ДАХЬ ДАВАЛГААНД БЭЛДЭЖ ЭХЭЛЖЭЭ
Энэтхэг улсад Covid-19-ийн халдвар богино хугацаанд их хэмжээний хохирол учруулж, 30 орчим сая хүн өвчилж, 379 мянган хүн нас бараад байна. Тус улсад цар тахал тавдугаар сарын дундуур оргил үедээ хүрснээс хойш тогтвортойгоор буурч байна. Гэсэн ч өдөрт бүртгэгдэх тоо өндөр хэвээр буюу өчигдөр 62 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ. Түүнчлэн өчигдөр 1470 хүн цар тахлын улмаас нас баржээ. Covid-19-ийн “Delta” мутаци анх Энэтхэгт бүртгэгдсэн ба дэлхийн 40 гаруй оронд тархаад байна. Дэлхийн олон орон тус мутациас болгоомжлон Энэтхэгээс ирэх хүмүүсийг хүлээж авахгүй хориг тавьжээ. Хэдийгээр вакцинжуулалт үргэлжилж, нөхцөл байдал тогтворжих хандлагатай болсон ч эрдэмтэд цар тахлын гурав дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг анхааруулж буй. Энэтхэгт вакцинжуулалтад түүхий эдийн хомсдолоос гадна зарим мужид дэд бүтэц муу хөгжсөн, иргэдийн дунд мухар сүсэг өндөр зэрэг нь нэлээд саад болж байна. Энэтхэгийн эрдэмтэд аль эрт өнгөрсөн гуравдугаар сараас Covid-19-ийн мутацийн талаар анхааруулж байсан ч эрх баригчид үл ойшоосон хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Тус мутаци өнгөрсөн тавдугаар сарын эхээр Энэтхэгийн баруун хэсгийн Махараштра мужид анх бүртгэгдсэн ба ДЭМБ-аас илүү аюултай хэмээн анхааруулсан.
БРАЗИЛД МЭРГЭЖЛИЙН БУС ЭМЧИЛГЭЭ ИЛҮҮ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА
Өмнөд Америкийн Бразил улсад өчигдөр Covid-19-ийн хамгийн олон буюу 88 мянга 992 тохиолдол бүртгэгдсэн. Тус улсад өдгөө 17 сая гаруй хүн өвчилж, хагас сая орчим хүн нас бараад байна. Бразилд халдварын тархалт өндөр байгаагаас эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хомсдол үүсч эхэлжээ. Тус улсад Covid-19-ийн “gamma” мутацийн тархалт ихсэж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо огцом нэмэгдсэнээр нөхцөл байдал хүндэрсэн аж. Бразилын Засгийн газраас цар тахлын хүндэрсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, халдвар тархалтыг хязгаарлан хөл хорио тогтоохын оронд өвчний эрт үед нь баталгаагүй эм, коктейлиэр эмчлэхийг зааварлаж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулжээ. Баталгаагүй эмчилгээ нь иргэдэд элгийг хордуулж, зүрхний цохилт түргэсэх гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулан шүүмжилжээ. Ялангуяа, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро 40 сая дагагчтай нийгмийн сүлжээний аккаунтаараа баталгаагүй, хямд эмийг сурталжилж, Засгийн газраас нь дээрх эмийн нөөцийг бүрдүүлэхээр олон сая ам.долларыг зарцуулжээ.
ФРАНЦАД ХАЛДВАР БУУРЧ, ХӨЛ ХОРИОГОО СУЛРУУЛАВ
Франц улсад цар тахлын эхэн үед нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байв. Тус улсад Covid-19-ийн халдвараар зургаан сая орчим хүн өвчилж, 110 мянга гаруй хүн нас бараад байна. Өчигдрийн байдлаар шинээр 689 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас барсан. Францад вакцинжуулалт эхэлснээс хойш өдгөө 30.14 сая хүн эхний тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ сарын дунд гэхэд зорилтот бүлгээ бүрэн хамруулж дуусахаар Засгийн газраас төлөвлөжээ. Вакцинжуулалт эрчимжсэнээр тус улсад халдвараар хүндэрч эрчимт эмчилгээнд орох хүний тоо өдөрт 2110-аас 53 болж буурсан сайн мэдээтэй. Францад “Delta” мутаци бүртгэгдсэн ба нийт халдварын 2-4 хувийг эзэлж байгааг албаныхан мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, өдөрт 50-150 орчим “Delta” мутацийн тохиолдол бүртгэгдэж байгаа гэсэн үг. Сүүлийн хоёр сарын хугацаанд Францад өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурсаар байгаа ба Засгийн газраас нь гурав дахь удаагийн бүх нийтийн хөл хориогоо сулруулахаар шийдвэрлэжээ.
ТУРКТ НЭГ ӨДӨРТ ХАМГИЙН ОЛОН ХҮН ВАКЦИНД ХАМРАГДЖЭЭ
Турк улсад цар тахлаар нийт 5.3 сая хүн өвчилж, 49 мянга орчим хүн нас бараад байна. Тус улсад вакцинжуулалт эхэлснээс хойш өчигдөр хамгийн олон хүн буюу 1.2 сая хүн вакцинд хамрагджээ. Туркт өнгөрсөн нэгдүгээр сараас бүх нийтийн вакцинжуулалт эхэлснээр өдгөө 35.86 сая хүн вакцинд хамрагдсан үзүүлэлттэй байгаа аж. Вакцинжуулалт эрчимжсэнээр Туркт өдрийн цагаар хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ сулруулж эхэлсэн байна. Гэхдээ шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд хатуу хязгаарлалт үргэлжилнэ. Тус улсад ажлын өдрүүдэд 9.00-17.00 цагийн хооронд иргэд дэлгүүр гарахаас бусдаар гэрээсээ гарахыг хориглосон. Хот хоорондын тээвэр хориглосон цагаас бусад цагуудад үйлчилж, кино театр, спортын клубууд хаалттай байна. Мөн ресторанууд зөвхөн авч явах, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Туркт энэ зун спортын олон том тэмцээн болох төдийгүй жуулчдыг хүлээж авахаас өмнө халдварын тархалтыг дарахаар Засгийн газраас ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ