Зургадугаар сарын 15-нд Covid-19 халдвар буурна & буураагүй

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 15-нд Covid-19 халдвар буурна & буураагүй

Улсын хэмжээнд дархлаажуулалт үргэлжилж байгаа ч Covid-19 халдварын тархалтыг өнөөдөр хумиж чадахгүйд хүрлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг "Covid-19 халдваргүй зуныг угтах нь бүү хэл эсрэгээрээ  халдварын тархалтаараа дэлхийд дээгүүрт жагсах болов. Өнгөрсөн 15 хоногт халдварын тархалт гурав дахин өсөөд байгаа юм. Covid-19 халдвар  зургадугаар сарын 1-нд хоногт 790 бүртгэгдэж байсан бол өчигдөр 2386  тохиолдол бүртгэгдэв. Уг нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам зургадугаар сарын 15 гэхэд халдварын тархалт буурна хэмээн үзэж байсан юм. Бодит байдал дээр Covid-19 халдварт 80 мянга гаруй иргэн өртөж, аюулт өвчнөөр 300 орчим хүнээ алдаад байна.

Covid-19 халдварын тархалтын тухай Улсын онцгой комисс болон судлаачийн байр суурийг VS буландаа онцолж байна.  


 

Зургадугаар сарын 15-н гэхэд халдварын тархалт буурна
Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:

Бид вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Халдварт өртөж буй нас залуужиж байна. Одоогоор 18-40 хүртэлх насныхан халдварт өртөх нь түгээмэл байна. Энэ насны 81-85 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан. Вакцины идэвх бага байна. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагуудад үүрэг өгсөн. Судлаачдын математик тооцооллоор зургадугаар сарын 15-аас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, халдварт өртөх өвчлөл багасах хүлээлт байна. Учир нь, зургадугаар сарын 10 гэхэд зорилтот бүлгийн 953 мянган хүн вакцины давтан тундаа хамрагдаж дуусна. 

Халдварын тархалт буурахгүй байгаа нь вакцинжуулалттай холбоотой
УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих:

Бид өмнө нь зургадугаар сарын дундуур халдварын тархалт дахин оргил үедээ хүрч хүндэрнэ гэдгийг хэлж байсан. Яг  энэ байдал одоо анзаарагдаж байна. Гэвч хүлээлтээс илүү олон тооны халдвар бүртгэгдэж эхэллээ. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурахгүй байгаа нь дархлаажуулалт дуусаагүй байгаатай холбоотой.  Монгол Улс бүх иргэнээ Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж байгаа юм шиг тайвшруулсан яриа сурталчилгаа их хийх юм. Тиймээс иргэдийн дунд бүрэн тунд хамрагдсан хүмүүс 14 хоноод халдвар авахгүй, тараахгүй, өвдсөн ч огт хүндрэхгүй гэж андуурснаас өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Анх хүн амын 60-70 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар халдвар буурна гэж байсан бол одоо дэлхий нийтээрээ энэ шалгуурыг 80-85 хувь болгон өсгөж эхэллээ. Гэтэл бид нийт хүн амын 60 орчим хувийг дархлаажуулна шүү дээ. Монголын хувьд насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулахаар зорилтот бүлгийн тоог 2 сая 67 мянга гэж тогтоосон нь нийт хүн амын 62 орчим хувь бөгөөд үүнийхээ 90 хувьд нь хүрээд гацчихаад байна шүү дээ. Хоёрдугаар тунд хамрагдсан хүн 49 хувь байгаа.  Тэгэхээр вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй 800 мянган хүн байгаа. Мөн дээр нь вакцины эсрэг заалттай, дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс маш өндөр эрсдэлтэй. Бас нийт хүн амын гуравны нэг хувийг эзлэх хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй учраас улс нийтээрээ тайвшрах огт болоогүй. Хэрэв хоёрдугаар тунд зургадугаар сарын 1 гэхэд бүрэн хамрагдаад дуусах юм бол энэ сарын 15-аас вакцины нөлөөгөөр багасах нь ойлгомжтой байсан. Гэтэл өнөөдөр вакцинжуулалт бүрэн дуусаагүй байна. Жишээлбэл, ОХУ-ын “Спутник V” вакцины хоёр дахь тун нь хэзээ ирэх нь тодорхойгүй, хүлээлттэй байх шиг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж