Covid-19-ийн эмийг жагсаалтад оруулбал хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн эмийг жагсаалтад оруулбал хөнгөлнө

Covid-19-ийн эмийг жагсаалтад оруулбал хөнгөлнө

Covid-19-ийн эмчилгээний эмүүд эмийн сангуудаар өндөр үнэтэй худалдаалж байгаа тул Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-аар хөнгөлөх шаардлагатай гэх саналыг иргэдийн зүгээс илэрхийлж байна. Ингэхдээ гэрээр эмчлүүлж буй иргэдийн үндсэн эмчилгээ болох вирусийн эсрэг эм, лааг мэргэжлийн байгууллагууд нь хангалттай хэмжээгээр өгөхгүй байгаа тул өөрсдөө худалдан авахаас өөр сонголтгүй. Тухайлбал, нэг иргэн урьдчилан сэргийлэх зорилгоор 40-50 мянган төгрөгийг эм, дархлаа сэргээх бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг. Харин Covid-19-ийн эмчилгээний эм бэлдмэлүүдийг худалдан авахад нэг хүн дунджаар 150-200 мянган төгрөгийг халааснаасаа гаргах шаардлага тулгарч байгаа юм. Нэг гэр бүлээс хоёроос дээш хүн халдвар авсан бол зөвхөн эмчилгээнд 600 мянга ба түүнээс дээш төгрөг зарцуулах юм. Иймд эмийн сангуудаар худалдаалж буй өндөр үнэтэй эмчилгээний эмүүдийг ЭМД-аар хөнгөлөх боломж байгаа эсэхийг бид холбогдох газруудаас тодрууллаа.

ЭМДЕГ: ЭМИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛБАЛ ХӨНГӨЛӨХ БОЛОМЖТОЙ

ЭМД-аар хөнгөлөх эм нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон байх ёстой байдаг аж.

Өөрөөр хэлбэл, Covid-19-ийн эмчилгээний эмүүд зайлшгүй эмийн жагсаалтад нэмэгдсэн тохиолдолд ЭМД-аар хөнгөлөлттэй олгох боломжтой гэдгийг ЭМДЕГ-аас хэллээ. Мөн одоогийн байдлаар уг асуудлыг холбогдох байгууллагууд ярилцаж эхэлсэн гэдгийг ЭМЯ-аас хэлж байсан юм.

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ЭМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР БАТАЛДАГ

Тэгвэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Covid-19-ийн эмийг оруулах боломжтой эсэхийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодруулахад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5-д Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн тавдугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно гэж заасан байдаг. Энэ дагуу Covid-19 халдварын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмүүдийг яаралтай горимоор, нэг удаагийн зөвшөөрөл олгож, зах зээлд нийлүүлж байгаа юм. Тухайн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төр, төрөл, жагсаалтыг Хүний эмийн зөвлөлийн хурлаар эцэслэн баталдаг” гэлээ.

МОНГОЛ ЭМИЙН БАГЦЫГ ШИНЖ ТЭМДЭГ БАГАТАЙ ХҮМҮҮСТ Л ӨГЧ БАЙГАА

ЭМЯ-аас 300 мянга гаруй таблетк вирусийн эсрэг эм, 14 мянган монгол эмийн багцыг өгсөн болохыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа мэдээлсэн юм. Гэвч тангийн буюу уламжлалт чиглэлийн дархлаа сэргээх эм бэлдмэл багтсан монгол эмийн багц нь гэрээр эмчлүүлж буй хүн бүрт хангалтай хэмжээгээр ирэхгүй байгааг өрхийн эрүүл мэндийн төвүүд хэлж буй.

Иргэдийн дунд уламжлалт тангийн худалдан авалт ихэссэн аж. Үүнээс үүдэн эмийн сангууд нь уламжлалт тангийн хомсдолд орж, тан үйлдвэрлэгчид нь захиалга ихтэй байна.

Тэгвэл ЭМЯ-аас хангаж буй Covid-19-ийн эмчилгээний эмүүдийг гэрээр эмчлүүлж буй хүмүүст ямар зохицуулалтаар тарааж байгааг НЭМГ-ын дарга Н.Зэндмаагаас тодруулахад “Монгол эмийн багцыг хүн бүрт өгөх албагүй. Уг багцыг шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдэд өгч байгаа. Шинж тэмдэг ихтэй хүмүүст вирусийн эсрэг эмээ өгнө. Зарим тохиолдолд хоёуланг нь хавсарч хэрэглүүлэхээр өгч байгаа юм. Өрх, дүүргийн эмнэл зүйн багууд гэрээр эмчлүүлж буй хүний биеийн байдалд тохируулан Covid-19-ийн эмчилгээний эмийг тарааж байгаа” гэсэн юм.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ТҮР БАЙРАНД ТУСГААРЛАЖ, ЭМЧЛЭХ ТӨЛБӨРИЙГ ЭМД-ААС САНХҮҮЖҮҮЛНЭ

Халдварын тоо эрс нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын нарын хамтарсан тушаалын дагуу халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлэхээр болсон аж.

Энэ талаар ЭМДЕГ-ын дэд дарга Г.Гийхнаран “Халдвартай нь батлагдаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийн гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байна.

Өрх болон сумын эрүүл мэндийн төвөөс утсаар зөвлөгөө өгөх, эмийн багц өгөх, хоёроос доошгүй удаа очиж эргэх, утсаар тандалтын асуумж авах зэрэг тусламж үйлчилгээг дунджаар 10 хоног авч, гэрээр эмчлүүлж буй нэг хүнийг 70 мянган төгрөгөөр санхүүжүүлнэ.Түүнчлэн гэртээ тусгаарлагдах боломжгүй, халдвартай нь батлагдсан иргэнийг тусгай зориулалтын түр байранд тусгаарлаж, эмчлэх үйл ажиллагааг даатгалын сангаас 650 мянган төгрөгөөр санхүүжүүлэхээр болж байна.

Мөн энэ тушаалаар Covid-19-ийн үед эмнэл зүйн удирдамжийн дагуу эрсдэлтэй хөнгөн, хүндэвтэр, маш хүнд тохиолдлыг эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлэн эмчилсэн нэг тохиолдол гэж үзэн, 1.050 000-4.300 000 төгрөг хүртэлх тарифаар тооцон тусламж, үйлчилгээ үзүүлсэн байгууллагад санхүүжилт олгоно. Ингэснээр эмнэлэгт хэвтсэн Covid-19 халдвартай өвчтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ” гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж