Допингийн асуудлаа шийдэхгүй бол бөхчүүд барилдахгүй!

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Допингийн асуудлаа шийдэхгүй бол бөхчүүд барилдахгүй!

Допингийн асуудлаа шийдэхгүй бол бөхчүүд барилдахгүй!

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тойрсон хэрүүл маргаан, эргэлзээтэй асуудал олон бий. Хэдийгээр наадам зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй байгаа ч бөхчүүд, уяачид, харваачид хэдийнэ түүхт ойн бэлтгэлдээ гарчээ. Үүний хажуугаар үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг долдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар хэлэлцэж, батлах гэж байна.

БӨХЧҮҮД ХААНА БЭЛТГЭЛДЭЭ ГАРСАН БЭ?

Түүхт ойн түрүүг алдаж үзээгүй гэгддэг "Увс нуур" дэвжээний бөхчүүд  Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайн амралтын баазад бэлтгэлд гарчээ. Улсын залуу аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү гээд түүхт ойн наадмын түрүү бөхийн тоонд явах олон бөх тэнд бэлтгэлээ жигдрүүлж байна.

Мөн "Хилчин" спорт хороо, "Булган хан", "Завхан" дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан бол Төв аймгийн "Дүнжингарав" дэвжээний бөхчүүд нутагтаа бэлтгэлээ базааж байна. Харин улсын харцага Ц.Одбаяр, улсын начин Ш.Дарханбат тэргүүтэй "Говийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайд бэлтгэлд гарчээ. Тэдэнтэй ойролцоо "Өгөөмөр" ресортод Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний бөхчүүд, "Ерөө тур" жуулчны баазад улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Ш.Пүрэвгарьд, улсын харцага Т.Бэгзсүрэн тэргүүтэй "Даян" дэвжээний бөхчүүд бэлтгэлд гарсан гэнэ.

"Даян" дэвжээний бөхчүүд саяхан галын наадмаа зохион байгуулж, улсын начин Б.Чимэдвандан зургаан даван түрүүлж, улсын начин Т.Дүгэрдорж үзүүрлэжээ.

Дорноговь аймгийн Хутагтын хүчтэн дэвжээний бөхчүүд Богд уул Түргэний аманд байрлах "Тоорил ханы хүрээ" жуулчны баазад түүхт ойн бэлтгэлээ хийж байна. Ерөнхийдөө энэ жилийн бөхийн галын ихэнх нь уламжлалт ёсоор Төв аймагт төвлөрч байгаа бол үлдсэн хэсэг нь цар тахалтай холбогдуулан нутагтаа бэлтгэлээ базааж байна.

УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА БАРИЛДАХГҮЙ ГЭВ

Өнөө цагийн ид барилдаж буй бөхчүүд дотроо хамгийн ихээр шударга бус явдалтай тэмцэж, допингийн эсрэг үгээ хэлж байгаа нь Ч.Санжаадамба аварга. Фэнүүд, дэмжигчид нь аваргыг бэлтгэлээ чамбайруулж, түүхт ойн түрүүг хүртээсэй гэж  хүсч байгаа ч аваргын хувьд үндэсний бөх, өв соёлоо хамгаалах гээд завгүй явна.

Тэрбээр“Багш нар нь шавь нартаа эрүүл мэнд, допингийн асуудлыг сайн ярьж, хэлэх хэрэгтэй байна. Олон хүн эрүүл мэнд, үр удмаараа хохирч байгаа. Би өөрийнхөө төлөө яриагүй. Түүхэн 100 зуун жилээр бүгд  барилдана гэж бодож байх шиг байна. Хэрэв шударга шийдвэл би ч гэсэн барилдана. Харин шударга шийдэхгүй бол би барилдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ жилийн наадмыг өнжих болно” гэв.

Түүнийг дэмжиж улсын харцага Ц.Одбаяр “Би том цолтой бөх биш ч гэсэн монгол бөхийнхөө сайн сайхны төлөө аваргаа дэмжиж байгаа. Үнэхээр шударга бус зүйл байвал би ч гэсэн барилдахгүй гэсэн бодолтой байгаа” хэмээн ярилаа.

УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛД БАРИЛДАНА, ХАРИН УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ?

Түүхт 100 жилийн ойн баяр наадмаар улсын аварга Э.Оюунболд барилдах болно. Тэрбээр өдгөө Хэнтий аймагтаа бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Шүүхээс түүний барилдах эрхийг нэг жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан. Хэдийгээр барилдах эрх нь сэргэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс аварга цолыг нь хураах хараахан гаргаагүй байна. Монголын үндэсний бөхийн холбоо Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичиг хүргүүлсэн ч тоймтой хариу байхгүй байсаар өдийг хүрлээ. Хэрэв Э.Оюунболд нь аварга цолтойгоо барилдахаар болвол мөн л маргаан үүсэх нь дамжиггүй. Харин Н.Батсуурь аваргын тухайд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав түүнийг ирэх наадмаар барилдуулахгүй гэж хэлсэн. Уг нь баяр наадмын зохион байгуулах комиссын зүгээс Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага нарын барилдах эрхийг 11 сараар хасах санал гаргасан. Энэ саналыг нь мөн л бөхийн холбооноос эсэргүүцэж байгаа. Н.Батсуурь аварга ч ирэх наадмаар барилдсан, барилдаагүй ялгаагүй. Хэрэв Э.Оюунболдын цолны асуудал шийдэгдэж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгохоор болвол Н.Батсуурь аварга тэртээ тэргүй Дархан аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэх л болно.

БӨХЧҮҮД БҮТЭН ЖИЛ БАРИЛДАЛГҮЙ НААДАМТАЙ ЗОЛГОЖ БАЙНА

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон барилдаан ер зохион байгуулагдсангүй. Аварга, арслан цолтой бөхчүүд ч өнгөрсөн жилийн наадмаас хойш заал танхимын барилдаанд гарсангүй. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаас хойш ердөө дөрөвхөн барилдаан зохион байгуулжээ. Тодруулбал, бүх цэргийн наадам, сумын цолтой бөхчүүдийн барилдаан, "АПУ" компанийн нэрэмжит Богдхан хайрханы хишиг барилдаан, Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан. Цэргийн наадам, сумын цолтнуудын барилдааныг эс тооцвол улсын цолтой бөхчүүд барилдах боломжтой хоёр л барилдаан явагджээ. Эдгээр хоёр барилдаанд улсын заан М.Бадарч, улсын харцага Ш.Уламбаяр, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй цөөн тооны том цолтой бөхчүүд л алгасахгүй зодогложээ.

П.Бүрэнтөгс улсын аварга цол хүртсэнээсээ хойш зөвхөн Нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд л барилджээ.

С.Мөнхбат аварга, Ч.Санжаадамба аварга, Ц.Содномдорж арслан, Б.Гончигдамба гарьд, Н.Жаргалбаяр заан, Б.Пүрэвсайхан заан зэрэг үзэгч, фэнүүд ихтэй бөхчүүд наадмаас хойш нэг ч заал танхимын барилдаанд оролцохгүй байж байгаад түүхт ойн наадамтай золгож байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр/2021.06.15/  “Үндэсний бөх-Үнэт өв” нэртэй тойргийн барилдаан зохион байгуулах гэж буйгаа зарлав. Энэ 32 бөхийн барилдаан зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Тэрэлжид байрлах жуулчны баазад явагдах ажээ.

Дээрх барилдаанд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж