"Covid-19-өөр нас барсан хүмүүсийг 1.1 сая төгрөгөөр чандарладаг" | News.MN

"Covid-19-өөр нас барсан хүмүүсийг 1.1 сая төгрөгөөр чандарладаг"

"Covid-19-өөр нас барсан хүмүүсийг 1.1 сая төгрөгөөр чандарладаг"

"Covid-19-өөр нас барсан хүмүүсийг 1.1 сая төгрөгөөр чандарладаг"

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын улмаас монголчууд үзээгүй зүйлсээ үзэж, хайртай хүмүүсээ алдаж, тэднийгээ сүүлчийн замд үдэх боломжгүй болж байна. Гэсэн ч "Улаанбаатар буян" компанийн хамт олон цар тахлын эрсдэлтэй нөхцөлд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Өглөөний 09.00 цаг орчимд тус компанийн оффисын гадна хэсэг хүмүүс бичиг цаас барин хүлээнэ. Бүгд амны хаалтаа зүүж, хоорондоо зайгаа барихыг хичээж харагдана. Нэг гэр бүлээс 3-4 хүн ирсэн бололтой. Оффиссын хаалга цагтаа онгоймогц үүдэнд халуунаа хэмжүүлж, гараа ариутгасны дараа угтагч ямар үйлчилгээ авахыг асууж, уулзах хүнийг нь зааж өгнө.

Гурван гэр бүл ирсний нэг нь Covid-19 халдвараар хайртай хэн нэгнээ алдсан байв. Угтагч тэднийг хүлээлгийн өрөөнд түр хүлээж байгаад ламтай уулзаж буй гэр бүлийн дараа орохыг зөвлөнө. Энэ мэтээр халдвар хамгааллын дэглэм баримтлан иргэд буяны үйлчилгээ авч байхтаа таарав.

ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛИЙН 10 ХҮРТЭЛХ  ХҮНИЙГ ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГА ТАВЬДАГ

Covid-19 халдвараар нас барагсдыг “Улаанбаатар буян” компанийн баруун, зүүн талд байрлах чандарлан оршоох цогцолборт нутаглуулж байгаа аж. Энэ үйл ажиллагаа нь  Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хатуу хяналт дор явагддаг байна. Талийгаачийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ариутган халдваргүйтгэж, ар гэрийнхэн нь цуваа хэлбэрээр цогцолбор руу даган очдог.

Харин гэр бүлийнхэн нь цогцолборт очоод салах ёс гүйцэтгэхийг хоригложээ. Учир нь халдвар тархах өндөр эрсдэлтэй. Тиймээс ар гэрийнхэнд камераар талийгаачийг нутаглуулах боломж олгож байгааг албаныхан хэлж байв. Гэр бүлийнхний төлөөлөл 2-3 хүнийг бичлэгээр буюу дэлгэцээр талийгаачийг чандарлах үйл явцыг харуулдаг байна. Чандарлах үйл ажиллагаанд талийгаачийн гэр бүлийн 10 хүртэлх  хүнийг оролцуулах шаардлагыг тавьдаг гэнэ. Хүний тоо хэтэрч болохгүй гэдгийг мэргэжилтэн нь ахин дахин сануулна.

Чандарлах үйл явц дууссаны дараа хэрхэн, яаж залах нь тухайн айлд нээлттэй. Талийгаачийн чандарыг хүндэтгэлийн хана, сүмийн хана эсвэл хөрсөнд, нэг бол нутагт нь аваачиж залах эсэх нь сонголттой гэсэн үг.

"УЛААНБААТАР БУЯН" КОМПАНИЙН ЗҮГЭЭС ХААЛТТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭГҮЙ"

“Улаанбаатар буян” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны менежер Н.Түвшинбаяраас цар тахлын үеийн буяны үйлчилгээний талаар тодрууллаа. 

-Улс орон бүрийн оршуулах заншил өөр өөр байдаг. Монголчууд чандарлах явцын өмнө ёслол үйлдэх, биед нь тэмдэг тавих боломжгүй гэсэн үг үү?

-Талийгаачийн биед тэмдэг тавих зэрэг зан үйлийг эмнэлэгт хийж байгаа. Цогцолборт очсоны дараагаар ямар нэгэн ёслол үйлдэх боломжгүй. Талийгаачийн шарилыг нээж үзэх боломжгүй, тийм эрх байхгүй гэсэн үг. Зан заншлын хувьд хайрцаг дотор хийх зүйлсийг эмнэлгийн ажилчдад хүсэлт тавьж, хийлгэх боломжтой. Иргэдийн зүгээс манай компанийг ямар нэгэн байдлаар хаалттай хэлбэрээр зохион байгуулж байна гэсэн ойлголттой байна. Бидний зүгээс хаалттай үйлчилгээ үзүүлээгүй. Энэ бол халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудал. Чандарлах ажил дууссаны дараа бүх ариутгалыг хийж, ар гэрийнхэнд нь чандарыг хүлээлгэж өгдөг.

-Халдвараас шалтгаалах нас баралтын тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байна. Буяны үйлчилгээ үзүүлэх ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-“Улаанбаатар буян” ХХК Covid-19-ийн нас баралтыг энгийн үйлчилгээтэй холихгүй байгаа. Халдвар ямар ч байдлаар тархах эрсдэлтэй. Тиймээс энгийн үйлчилгээг дууссаны дараа халдвараар өвчилсөн хүмүүсийг чандарлах ажлыг зохион байгуулж байна. Нэг талийгаачийн ажил явдлыг 10 орчим хүн хариуцаж ажиллаж байна. Манай компани 160 гаруй ажилтантай. Онцгой нөхцөл байдлын үед илүү цагаар ажиллана. Энгийн үйлчилгээтэй холихгүй байх ёстой учраас цаг сунах асуудлыг эс тооцвол одоогоор өөр ямар нэгэн асуудал тулгараагүй байна.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс захиалга өгөхдөө зурхайчдын хэлсэн сайн өдөр, цагийг баримталж байна. Тиймээс бид аль болох талийгаачийн гэрийнхний сэтгэлд нийцүүлж үйлчлэхийг хичээж байгаа.

-Уламжлалын дагуу сайн өдөр, цаг нь давхцах тохиолдол гарах уу. Тэр нөхцөлд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа бол?

-Аль болох цагийн давхцал гаргахгүй байхыг хичээж байна. Нэг талийгаачийг чандарлах үйл явц үргэлжилж дууссаны дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийснээр 40-60 минутын зайтай дараагийн чандарлах ажил болж байгаа. Мөн Улаанбаатар хотын баруун, зүүн цогцолбор тус бүрт оршоох явц болж байгаа учраас давхцах асуудал гарахгүй.

Ёслолын үед 10 орчим хүн л үйлчилнэ гэдэг чиглэл өгсөн ч иргэдээс гуйх, хүсэх зүйлс гардаг. Мөн "Талийгаач мөн эсэх нь эргэлзээтэй байна" гэдэг ч зүйлийг ярьдаг. Тийм зүйл мэдээж болохгүй. Энэ ташаа мэдээллийг түгээхээс аль болох татгалзахыг хүсч байна. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс асуудлын гаргалгааг хийгээгүй байж халдвар хамгаалалтын хүнд нөхцөлд ажиллаж байх явцад та нарын л буруу гэх өнгө аясаар харьцах асуудал гарсан. Ар гэрийнхний зүгээс хүсвэл чандарлах үйл явцын зураг бичлэгийг үзүүлж байгаа. Түүнээс дотор оруулах ямар ч боломжгүй.

Covid-19 халдвараар нас барсан тохиолдлын ар гэрийнхний зүгээс хүлээцтэй, тэвчээртэй хандаж шаардлагыг сайн биелүүлж байгаад талархаж байна.

-Тэгвэл нас баралтын зардлын тухайд хэдэн төгрөг байдаг вэ?

-Талийгаачийн чандарлах үйл ажиллагааны сонголтоос хамаарч үнэ өртөг харилцан адилгүй байдаг. Мөн манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд амьдралын боломжгүй, хүнд нөхцөлд амьдардаг хүмүүст бүх үйл явцын зардал багтсан үнийн сонголтыг нэвтрүүлсэн. Үүнд бүх ариутгал, халдваргүйтгэл, чандарлах явцын зардал зэрэг багтаад 1.150.000 төгрөг болж байгаа. Үйлчилгээний сонголтын тухайд ар гэрийнхэнд нээлттэй. Салах ёслолын танхимд л оруулахгүй байгааг эс тооцвол өөр асуудал байхгүй.

Салах ёслолын танхимд орсноор халдвар дамжих магадлал нэмэгдэнэ. Covid-19 хэчнээн цаг гадаргуу дээр тогтож, амьдрах чадвартай вирус билээ гэдгийг тооцоолох зэрэг асуудал үүснэ. Хэрэв иргэд хүсвэл чандрыг хөрсөнд эсвэл дахин нэг амь бүтээж байна гэж ойлгож мод тарих боломжтой. Тэр бүрт тодорхой ханштай. Гэхдээ багцалж тогтсон үнэ гэж байдаггүй. Салах ёсны шаардлагыг гэр бүлийн хэн нэгэн гишүүнгүй зохион байгуулах нь зайлшгүй шаардлага гэдгийг л иргэд ухамсарлах хэрэгтэй.

Халдвараар нас барсан хүмүүст Улсын онцгой комиссоос ямар нэгэн дэмжлэг, тусламж үзүүлэх санхүүгийн тодорхой зардлыг гаргах гэх мэт асуудал яригдаагүй. Харин манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд үйлчилгээг авах боломжгүй нөхцөлтэй хүмүүст зориулж энэ багцын үнийг гаргаж ажиллаж байна.

-“Улаанбаатар буян” компани нийт 160 ажилтантай гэлээ. Халдварын эрсдэлтэй нөхцөлд хэрхэн халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна вэ?

-Манай байгууллага нийт 160 орчим ажилтантай. Хүний нөөцийн тухайд ямар нэгэн асуудал одоогоор гараагүй. Хэрэв цаашид тархалт нэмэгдэж, нас баралтын тохиолдлын тоо өссөөр байвал тухайн нөхцөлд тулгуурлаж шинэ журмыг баталж гаргах байх. Чандарлах цогцолборын хоёр газарт тус бүр 30-40 хүн ажиллаж байгаа. Ажилчдын зүгээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Covid-19-ийн сэжигтэй болон батлагдсан тохиолдлоор нас барсан иргэдийг оршуулах” журмын дагуу ажиллаж байна. Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед халдвар хамгаалалтын дэглэмийг л сайтар баримтлах ёстой. Голомт дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд эрсдэл бүр ч  өндөр байна. Тиймээс аль болох хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр иргэддээ үйлчлэхийг зорьж байгаа.

Албаны хүний хэлснээр covid-19-ийн халдвараар нас барсан бол ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, шууд чандарлах нь халдвар тараах эрсдэлийг бууруулж байгааг онцолж буй. Мөн ар гэрийнхэн нь уулзаж, салах ёс гүйцэтгэх, уулзуулах хүсэлтүүдийг байнга тавьдаг учраас хүн ёсны хувьд хүндхэн байдаг гэдгийг ч "Улаанбаатар буян" компанийн ажилтнууд хэлж байлаа. Мэдээж ойр дотны хүнээ алдсан ар гэрийнхний сэтгэлийг ойлгож болох ч цар тахлын үе, онцгой нөхцөл гэдгийг иргэд маш сайн ойлгох ёстойг ч тэд сануулж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж