"Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү хална"

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

"Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү хална"

"Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү хална"

Зуны эхэн сар дундаа орсон ч үргэлжилсэн бороотой өдрүүдэд нийслэл үерт автах аюул нүүрлэв. Ялангуяа  энэ сарын сарын 6, 7-нд нийслэлд орсон цас борооны улмаас хотын гудамж, талбай үерлэж, техникийн дутагдалд орсныг Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээлсэн юм. Үргэлжлүүлэн ойрын өдрүүдэд  дуу цахилгаантай, аадар бороо орохыг сануулж, үе усны аюулаас болгоомжлохыг цаг уурчид сэрэмжлүүлэх болсон. Тиймээс энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга, доктор Г.Баясгалангаас тодрууллаа.


Ойрын үед үргэлжилсэн борооны улмаас үер усны аюулаас болгоомжлохыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулах болсон. Нийслэл, орон нутагт үер буух эрсдэлтэйг ч сануулж байгаа?

-Өнгөрсөн 15 хоног Монгол орны нийт нутгаар бороо орсон. Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий ихэнх нутгаар хур тунадастай байсан бол төв аймгийн баруун болон хойд талаар харьцангуй бага бороо орсон.  Харин говийн аймгуудын ихэнх нутгаар буюу Говь-Алтай, Баянхонгор Өмнөговь, Дорноговь аймагт бороотой. Харин Өмнөговь, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр хур тунадас багатай байлаа.

Улаанбаатар хотын хувьд үргэлжилсэн борооны улмаас үерийн түвшин нэмэгдээд байна. Ажиглалтын станцуудад зургадугаар сарын 1-15 хүртэл  орсон хур тунадасны хэмжээ 26-55 мм байв. Энэ нь гол, үерийн түвшин нэмэгдэх гол шалтаан болж байна. Ерөнхийдөө зургадугаар сарын эхээр болон сүүлчээр бороотой. Үер усны аюулаас болгоомжлохыг иргэдэд зөвлөж байна.

-Тариалангийн бүс нутгаар хур тунадас хэр их орох төлөвтэй байна. Ялангуяа, үргэлжлэн орсон бороо ургац хураалтад сөргөөр нөлөөлдөг?

-Газар тариалангийн бүс нутгийн хувьд энэ жил хур тунадастай сайхан жил болж байна. Ялангуяа энэ сард Монгол орны нийт нутгаар хур бороотой, зуншлага сайхан болох төлөв ажиглагдаж байна. Ер нь зургадугаар сард хур тунадастай жилүүдэд арвин ургацтай, малд ашиг шимтэй өвс тэжээл ургадаг. Цаг уурын урьдчилан төлөвөөс харахад, зургадугаар сард Алтай, Хангайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орох  төлөвтэй.

-Удахгүй нар буцна. Энэ зун бараг нар үзсэнгүй. Шалтгаан нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой юу?

-Сүүлийн жилүүдэд зургадугаар сарын сүүлчээр үргэлжилсэн бороотой байх төлөв ажиглагдаж байна. Энэ жилийн тухайд үүлэрхэг, бороотой, агаарын температурын хувьд харьцангуй сэрүүн боловч зуншлага сайхан болж байна. Өнгөрсөн жилийн тухайд зургадугаар сар дундаа ороход Монгол орны ихэнх нутагт ургамал бараг ургаагүй. Зун богино болж байгаа нь зургадугаар сарын 20-ноос хойш үргэлжилсэн бороо орж байгаатай холбоотой. Харин зуны улирал богино болсон шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эсэхийг судалгаагаар тогтооно. Бидний судалгаагаар эрдэмтдийн хүлээн зөвшөөрөгдсөн үр дүн хараахан гараагүй байна.

-Энэ жил зуны төлөв байдал ямар байх вэ. Говийн болон хангайн бүсийн нутгаар зуншлага ямархуу болох төлөвтэй байна. Ган гачиг болох эрсдэлтэй аймгууд хэр их байна вэ?

-Цаг уурын урьдчилсан төлөв байдлаар долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү халах магадлалтай байна. Ирэх сард зүүн болон говийн аймгуудын нутгаар хална. Нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадастай.

Ялангуяа, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас илүү халах бол түр зуурын аадар бороо их орно. Иймд үер усны аюулаас болгоомжлохыг иргэдэд сануулъя.

-Уур амьсгалын өөрчлөлт Монголын ямар улиралд илүү тохиолддог вэ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд өвөл нь цасгүй хар зуд нүүрлэж, зун цас орох, үер буух зэрэг гамшигт үзэгдлүүд харагдах болсон?

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол орны жилийн аль ч улиралд нөлөөлж байгаа. Эрдэмтдийн судалгаагаар, хавар, намрын улиралд илүү дулаарч, өвлийн улиралд зарим үед хэт хүйтрэх, хэт дулаарч байна. Энэ нь дэлхийн хойд туйлыг тойрсон хуйлрах хөдөлгөөний эрчим суларсантай холбоотой. Тухайлбал, өнгөрсөн өвөл арваннэгдүгээр сарын 20 хүртэл дулаахан байсан бол 2021 оны нэгдүгээр сарын 10 хүртэл маш хүйтэрсэн нь туйлыг тойрох  эрчимтэй шууд холбоотой байлаа. Өвөл цасан бүрхүүл багассан ч хур тунадас татраагүй. Харин зун уулархаг нутгаар цас орох нь энгийн л үзэгдэл ч конвекцын гаралтай богино хугацаанд бага газар нутгийг хамарсан үзэгдэл нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, аадар, хур тунадас болон нөөлөг салхины үзэгдлийг хэлж байгаа юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж