Үхлийн хэсэг гэгдээд буй F хэсгийн эхний тоглолт болох Португал, Унгарын шигшээ багуудын тоглолт өнөөдөр (2021.06.15) 00.00 цагаас Будапешт хотын Пушкаш цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна.
Нутагтаа тоглох гэж буй унгарчууд аваргаа хамгаалагч хүчирхэг, авьяаслаг Португалийн шигшээ багийг хожиж шуугиан тарих уу, эсвэл өмнөх тэмцээний аваргуудын ялалтаар өндөрлөх үү гэдгийг харах сонирхолтой тоглолт биднийг хүлээж байна. Түрүүлэх багийн тааварт бичигдэж буй Португалийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнийг бэртэл гэмтэл харьцангуй багатай эхлүүлж байна. Зөвхөн баруун жигүүрийн хамгаалагч Жоао Кансело л Covid-19-ийн улмаас ЕВРО 2020-ийг өнжих болсон.
Магадлалтай гарааны 11
Португал
2016 оны Европын аварга болсон багийн түлхүүр тоглогчид энэ тэмцээнд ч мөн бий. Хашир туршлагатай Руй Патрисио, Пепе, Роналдо нарт туслахаар Премьер лигийн есөн ч тоглогч Португалын шигшээд дуудагдсан. Тэдний дотор Манчестер Юнайтедын хагас хамгаалагч Бруно Фернандес, Ливерпүүлийн довтлогч Диого Жота, Манчестер Ситигийн хослол Рубен Диас, Бернардо Силва зэрэг шилдэгүүд багтаж байгаа юм.
Гарааны бүрэлдэхүүний хувьд Кристиано Роналдо багийн довтлогчоор тоглох нь ойлгомжтой. Харин түүний ард Бернардо Силва, Диого Жота, Бруно Фернандас нар тоглох төлөвтэй хэмээн мэргэжилтнүүд тааварлаж байна. Харин төвийн хамгаалалтын шугамд Диас, Пепе нарын хослол гарах бол хоёр жигүүрт нь Нэлсон Сэмэдо, Рафаэл Гэрэйрра нар хүч нэмэх учиртай.
Унгар
Сүүлийн 11 тоглолтдоо нэг ч хожигдоогүй байгаа Унгарын шигшээ багийн гарааны хувьд Вилли Орбан, Аттила Салай нар хамгаалалтын хослолыг бүрдүүлэх нь ойлгомжтой. Ролан Саллай бага зэргийн бэртэлтэй байсан ч түүнийг бүрэн эдгэсэн гэж Унгарын шигшээ багийн арын албаныхан мэдээлсэн. Тэдний гол асуудал хагас хамгаалалтын шугамд байгаа бөгөөд үүний шалтгаан нь Доминик Сзобошлай, Калмер Золт нарын бэртэлтэй холбоотой юм. Энэ хоёр авьяаслаг залууг орлуулахаар Дэвид Сигер, Андрас Шафар нарыг шигшээ багт дуудсан ч тэдний орон зайг гүйцэд нөхөж чадахгүй нь ойлгомжтой.
Тоглолттой холбоотой статистик
Энэхүү тоглолт нь хоёр багийн хооронд том тэмцээнд таарч буй гурав дахь учраа тоглолт юм. Өмнөх хоёр тоглолтод нийт 10 гоол орсон бөгөөд Португал нэг хожиж, (1966 оны ДАШТ, 3:1) нэг тэнцсэн. (2016 оны ЕАШТ, 3:3)
Португал
- ЕАШТ-ий түүхэнд хоёр дараалж түрүүлсэн ганц л баг байдаг нь Испани (2008, 2012) бөгөөд португаличууд тэдний амжилтыг давтахаар ирсэн.
- Португал сүүлийн зургаан ЕАШТ-д дараалан хэсгээсээ гарсан. Энэ амжилттай дүйцэхүйц баг байхгүй.
Унгар
- Унгар улс ЕАШТ-д түүхэндээ гурван удаа л оролцож байсан. (1964, 1972, 2016)
- Европын аварга шалгаруулах тэмцээнд Унгарын шигшээ баг нийт 11 гоол оруулсан байдаг бөгөөд ердөө хоёр нь эхний хагаст орж байсан юм. (хоёрдугаар үед долоо, нэмэлт цагт хоёр гоол)
- Урьдчилсан шатны тэмцээнд төвийн хамгаалагч Вилли Орбан гурван гоолтойгоор багийнхаа мэргэн бууч болсон ба бүх гоолоо хөдөлгөөнгүй бөмбөгөөс оруулсан. (Чөлөөт цохилт, булангийн цохилт)
Холбоотой мэдээ