"Үндэсний хэмжээний том амбицаа АН зөв тодорхойлж чадаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

"Үндэсний хэмжээний том амбицаа АН зөв тодорхойлж чадаагүй"

"Үндэсний хэмжээний том амбицаа АН зөв тодорхойлж чадаагүй"

 Улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


Цар тахалтай нүүр тулсан хэцүү бэрхшээл дундуур монголчууд  Төрийн тэргүүнээ сонголоо.  Таны хувьд энэ удаагийн сонгуулийн онцлогийг юу гэж дүгнэв. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас юугаараа ялгаатай байв?

-Улс төр судлаачид өөр, өөрсдийн байр сууринаас тайлбар өгөх байх. Миний хувьд Үндсэн хуульд орсон  нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд сонгох сонгууль болсон  гэдгээрээ онцлог боллоо гэж бодож байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаан жилийн хугацаанд  буюу  бүрэн эрхийнхээ  хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал. Хоёрдугаарт, сонгуулийн кампанит ажлын хугацаа хамгийн богино буюу 15 хоног, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 8.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Цар тахалтай холбоотойгоор  нэр дэвшигчид  сонгуулийн сурталчилгаагаа бүрэн гүйцэд хийж чадсан эсэх, мөрийн хөтөлбөртэй ард иргэд сайн танилцаж чадсан уу гэдэг нь  бүрхэг байлаа. Гуравдугаарт, эрх баригч намын нэр дэвшигчийн хувьд давуу байдал үүссэн байж болох талтай. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр бүх нэр дэвшигчдийн тойргийг орон нутгаар тойрсон. Тэгэхээр УИХ-ын сонгуульд ялсан тойрог бүрийн нөлөө, далд дэмжлэг  болох магадлал өндөр.

Дөрөвдүгээрт, улс төрөөс хөндийрсөн нэр дэвшигчийг гуравдагч хүчин нэр дэвшүүлсэн явдал байлаа.  Өмнө нь  энэ бол улс төрийн намыг үндэсний хэмжээнд таниулах стратеги гэж  дурдсанчлан тийм ч байж чадлаа. Улс төрийн орчинд шинэ хүчин, шинэ улс төрийн соёлыг хүсч байгаа гэдгийг иргэд харуулсан гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн сонгууль  харьцагүй нам тайван, бохир пиаргзй болж өнгөрсөн нь сонгуулийн сурталчилгаа цөөхөн буюу 15 хоног болж өнгөрсөнтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Эсвэл нэр дэвшигчдээсээ шалтгаалав уу. Энэ удаагийн нэр дэвшигчдийн ялгарлыг юу гэж харав?

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа гэхээс илүүтэй гурван нэр дэвшигчийн өөрсдийнх нь  улстөрчийн үнэлэмж үүнд нөлөөлсөн. Тухайлбал, нэр дэвшигч С.Эрдэнийн  хувьд Ардчилсан намын /АН/  хуваагдал, ялагдлын гол тоглогчдын нэг гэсэн дүр төрх нийгэмд илүү суусан бол У.Хүрэлсүх нэр дэвшигчийн  хувьд сайн удирдагч, намаа ялуулсан лидер гэх имиж хүчтэй. Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хуучин бөгөөд шинэлэг. Гэвч орон нутагт танигдаагүй. Нийслэлд гурван нэр дэвшигч хангалттай сайн  танигдсан  учраас сөрөг  пиар явагдах шаардлага байсангүй. Тиймдээ ч өмнөх бүх сонгуулиас ялгаатай эерэг, аядуу уур амьсгалтай сонгууль боллоо.

-АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд маш сул оролцлоо. Гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Үүний шалтгааныг та хувьдаа  юу гэж харж байна. Мэдээж нам нь хоёр хуваагдсантай холбоотой байх л даа?

-Улс төрийн намд Үндэсний хэмжээний нам болж төлөвшихөд цаг хугацаа чухал. МАН-ын хувьд 100 жилийн ойгоо  энэ жил тэмдэглэх гэж байна. АН 30 жилийн түүхтэй гэж ярьж байгаа боловч үнэндээ 2000 оны арванхоёрдугаар сард нэгдсэн  зургаан намын бүрдэл гэж харвал 20 жил орчим болж байна. Тэгэхээр институцчлагдсан байдал, намын төлөвшил, нэгдмэл байх зэргийг харьцуулахад АН-ын хувьд сул байх нь зайлшгүй.

АН-ын хувьд том зорилгын төлөө тууштай явах тал дээр сахилга бат сул. Миний хувьд АН-ын ялагдлын гол шалтгааныг Үндэсний хэмжээний том амбиц зорилгоо зөв тодорхойлж нэгдмэл байж чадахгүй байна гэж дүгнэж байна.

Ялагдсан сонгууль бүр сургамж болох учир алдаагаа хүлээн зөвшөөрөх, маш хурдан дараагийн улс төрөө тодорхойлох хэрэгтэй. Өнөөгийн улс төрд АН-ын  байр суурь эзгүйрэх учиргүй.

ӨНӨӨГИЙН УЛС ТӨРД АН-ЫН  БАЙР СУУРЬ ЭЗГҮЙРЭХ УЧИРГҮЙ

-АН-ын хувьд эргэн сэргэх боломж нь бусад намуудтай эвсэх гэж зарим улстөрч дүгнэж байгаа.  Та үүнтэй санал нийлэх үү?

-Намууд нэгдэж, нийлж байгаа нь улс төр хийх хүч суларсан үед хийдэг зүйл. Эвсээд юунд хүрэх вэ.

Магадгүй 1996 онд Ардчилсан холбоо эвсэл  50 суудал авсан байдлаар төсөөлж байвал хол явахгүй. Нийгмийн сэтгэхүй, сонгогчид маш их өөрчлөгдсөн. Мөн ямар намуудтай эвсэх гээд байгаа нь их сонирхол татаж байна.

Хамгийн гол нь иргэдийн эрх ашгийг төр болон эрх баригчид бодитой хамгаалж чадах, улс төрийн намын үзэл баримтлалаар хөгжлийн бодлого уралдуулж тухайн асуудлаар улс төр хийх амбиц байгаа эсэх чухал. Энэ бүхнийг тасралтгүйгээр хийх нь чухал. Түүнээс биш ялагдаад нэгдээд, сонгогдоод бялуу хуваагаад салах бол утгагүй. Нөгөө талаар улс төрийн намууд, сөрөг хүчинд манлайлал дутагдаж байна. Хүссэн, хүсээгүй улс төрд манлайлал маш чухал.   

-Хоёулаа эргээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  яриа руугаа оръё. 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарын хооронд анх удаа халз мэтгэлцээн зохион байгуулсан.  Үүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгууль бүрээр халз мэтгэлцээн зохион байгуулсаар ирсэн. Гэвч энэ удаагийн сонгуулиар  мэтгэлцээн болсонгүй.  Сонгогчдын мэдэх эрхийг хангаж чадсангүй нь СЕХ зохион байгуулалтгүй байв уу, эсвэл МҮОНРТ-ийн буруу юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар монголчуудын хамгийн их хүлээдэг зүйл нь халз  мэтгэлцээн. Сонгуулийн халз мэтгэлцээн нь тухайн нэр дэвшигчийн сонгогдох эсэхэд нөлөөлж болох талтай. Тиймээс иргэд Үндэсний олон нийтийн радио телевизээр гарах  мэтгэлцээнийг хүлээж байлаа. Гэвч энэ удаа мэтгэлцээн болсонгүй. Анхнаасаа зохион байгуулалт сул байлаа гэж бодож байна. Covid-19 халдварын улмаас сонгуулийн сурталчилгааг нэгж бүр дээр очиж хийж чадахгүй нь тодорхой байсан. Тиймээс  мэтгэлцээнийг 2-3 удаа зохион байгуулсан бол илүү сонирхолтой сонгууль болох байлаа. Ядаж иргэд  гомдол тээхгүй үлдэх байсан байх. Энэ удаагийн сонгууль иргэдийн мэдэх эрхэнд тодорхой хувиар халдсан сонгууль болсон.

"НЭГ НАМД ЭРХ МЭДЭЛ ТӨВЛӨРӨХ НЬ ХЯНАЛТЫН СИСТЕМ АЛДАГДАНА"

-Сонгуулийн үр дүнд нэг намд бүх эрх мэдэл төвлөрч байна. Энэ нь цаашдаа Монголын улс төрд ямар сул талтай вэ. Бараг сөрөг хүчингүй болчихлоо шүү дээ?

-Нэг саналын жин нийслэл, орон нутагт өөр, өөр  байдаг нь УИХ-ын сонгуулийн хамгийн том дутагдал гэдгийг бүгд хэлнэ. Үр дүн нь өнөөдрийн УИХ, нөгөө талаар сонгуулийн эерэг пиарын хөрс бэлэн гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг харьцуулахад үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар нэр дэвшигч У.Хүрэлсүх илүү байсан.

Нөгөөтэйгүүр, цар тахлын үед эрх баригч нам тогтвортой засаглалыг хэрэгжүүлж чадна гэдэг итгэл нийгэмд илүү байсан.  Ерөнхийдөө төр засаг тогтворгүй байх нь ямар хэцүү вэ гэдгийг сүүлийн хэдэн сард  Х.Баттулга  харуулсан нь нэмэлт болж өгсөн.

Нэг намд бүх эрх мэдэл төвлөрөхийн давуу тал нь тогтвортой байх боловч нөгөөтэйгүүр хяналтын систем алдагдана гэсэн үг. Бид парламент, Засгийн газар, шүүх засаглалд  хэн хяналт тавих вэ гэдэг асар том асуултын тэмдэгтэй үлдэж байна.  АН, ХҮН-ын УИХ-д суудалтай гишүүд сөрөг хүчнийхээ дуу хоолойг одоо л гаргах хэрэгтэй. Шууд нөлөөлж чаддагүй юм аа гэхэд ядаж нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлэхгүй бол 2024 оны сонгуулийн үр дүн өөр байна гэж хэлэхэд хэцүү.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 20-29 насны залуус сонгуульд хамгийн бага ирцтэй оролцсон. Харин 60-70 насны ахмадууд хамгийн өндөр ирцтэй оролцжээ. Залуусын идэвх сул байгаа нь юу гэж харж байна?

-Том зургаар нь харвал, УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж хуульд заасан нь нэг талаасаа сонгогчийн сонгох эрхэнд халдаж байна гэсэн үг. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж эсвэл жижиг намаас ч  өрсөлдөж  болно. Залуусын улс төрийн боловсролд  Сонгуулийн Ерөнхий хороо болон улс төрийн намууд маш сайн ажиллах ёстой. Мөн залуус ч  гэсэн өөрсдөө парламентаас гардаг шийдвэр  амьдралд нь нөлөөлдөг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Өөрөөс нь бусад хүмүүсийн сонгосон сонголтоор амьдрал нь шийдэгдээд явдаг учраас саналаа өгөөгүй залуус гомдох эрхгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж