Мотоспортын “Формула-1” ангиллын дэлхийн хошой аварга Фернандо Алонсо 2010 оны улирлын анхны гараа болох Бахрайны гран-при уралдаанд торгон жолоо өргөж, “Ferrari” багийнхан энэ улиралд өнгөтэй байгааг харууллаа. Энэ улирлаас эхлэн “Формула-1”-ийн онооны дүрэмд өөрчлөлт оруулсан учир Испанийн тамирчин Алонсо 25 оноо авсан бөгөөд түүний араас багийн анд Фелипе Масса хурдалснаар улирлын хамгийн эхний гараанаас л Италийн “Ferrari” 43 оноо цуглуулав. “Формула-1” уралдааныг чимж буй дэлхийн долоон удаагийн аварга алдарт тамирчин Михаэль Шумахер гурван жил уралдааны талбараас хөндий байсан ч чамлахааргүй амжилт гаргаж, зургадугаар байрт шалгарчээ. Харин 2008 оны дэлхийн аварга “McLaren” багийн Льюис Хэмильтон гуравдугаарт барианд орсон бол өнгөрсөн жилийн дэд аварга, тэргүүн гараанаас гарч уралдсан Себастьян Веттель нийт 49 тойргийн 34-р тойргийн төгсгөлд механик гэмтлийн улмаас багагүй саатаж, улмаар дөрөвдүгээрт хурдалсан байна. Түүнчлэн мотоспортын амьд домог болсон Шумахерийн хамтаар “Mercedes”-т хүчин зүтгэж буй Нико Росберг тавдугаарт, харин аваргаа хамгаалан уралдаж байгаа Женсон Баттон долдугаарт шалгарчээ.
“Формула-1”-ийн тамирчдын оноо /нэг гарааны дараах байдлаар/:
1. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 25 оноо
2. Фелипе Масса /Бразил/ – Ferrari – 18 оноо
3. Льюис Хэмильтон /Их Британи/ – McLaren – 15 оноо
4. Себастьян Веттель /Герман/ – Red Bull – 12 оноо
5. Нико Росберг /Герман/ – Mercedes GP – 10 оноо
6. Михаэль Шумахер /Герман/ – Mercedes GP – 8 оноо
7. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 6 оноо
8. Марк Веббер /Австрали/ – Red Bull 4 оноо
9. Витантонио Лиуцци /Итали/ – Force India – 2 оноо
10. Рубенс Баррикелло /Бразил/ – Williams F1 – 1 оноо
Зохион бүтээгчид:
1. Ferrari – 43 оноо
2. McLaren – 21 оноо
3. Mercedes GP – 18 оноо
4. Red Bull – 16 оноо
5. Force India – 2 оноо
6. Williams F1 – 1 оноо