ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө сөрөг хүчний төлөөлөл, бэлгэ тэмдэг болсон Алексей Навальныйг шоронгоос амьд гарах баталгаагүй хэмээн ярьжээ.
Тухайлбал, сэтгүүлч түүнээс Навальныйг шоронгоос амьд гарах талаар хувийн бодлыг нь асуухад Путин “Тиймэрхүү шийдвэрүүдийг энэ улсад Ерөнхийлөгч шийдчихдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн нэгнийг шоронгоос гаргаж, эрх чөлөөтэй болгох үгүйг шүүх л шийддэг. Харин хоригдож буй хүний эрүүл мэндийн асуудлыг тухайн шоронгийн удирдлага хариуцдаг юм. Навальныйд ганцааранд нь бусад хоригдлуудаас өөр хандаагүй. Түүнийг хэн ч бусад хоригдлоос илүү ад үзээгүй. Ер нь шоронд хэнийг ч алагчилдаггүй” гэж хариулсан байна.
Путины хэлсэн үгний талаар Навальныйн туслах Леонид Волков “Би амьдралдаа анх удаа Путин үнэнээ хэлж байгааг үзлээ. Энэ бол Путин, Навальный хоёрын хэн нэг нь нас барахаас нааш Навальный шоронд байсаар байна гэсэн төлөвлөгөөтэй байгаагийн баталгаа” хэмээн дүгнэжээ.
АНУ өмнө нь удаа дараа “Хэрвээ Навальный торны цаана амьсгал хураавал ОХУ-тай өөрөөр ярина” гэж анхааруулсан билээ. Түүнчлэн энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хэрвээ Навальный нас барвал Орос орон хүний эрхийн тухай өчүүхэн ч боддоггүй, хүндэлдэггүй, уландаа гишгэдэг гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ