Preview: Аваргуудын тулаан буюу Франц vs Герман

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Preview: Аваргуудын тулаан буюу Франц vs Герман

Preview: Аваргуудын тулаан буюу Франц vs Герман

Сүүлийн хоёр дэлхийн аваргууд болох 2014 оны аварга Герман болон 2018 оны аварга Францын шигшээ багууд дээр аваргаа хамгаалагч 2016 оны Европын аварга Португал нэмэгдэж, Евро-2020 тэмцээний "үхлийн" хэсгийг бий болгосон. Үхлийн хэсгийн нээлтийн тоглолтыг үзэхээр хөлбөмбөг сонирхдоггүй, мэддэггүй хүмүүс хүртэл хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. 2016, 2018 онуудад Францын шигшээ багийн сэргэлтийн үе, Герман машинуудын уналтын үетэй давхцаж байсан бол өнөөдөр (2021.06.15)-ийн тоглолт тэдний хэн нь хэн бэ гэдгийг харуулах болно.

Тоглолт өнөөдөр шөнө 03.00 цагаас Германы Мюнхен хотод орших Аллианз аренад явагдана.   

Франц

Шинэ он гарснаас хойш францчууд таван тоглолт хийхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй нь тэднийг энэ тэмцээнд дахиад л өнөөх өндөр формтойгоо ирсэнийг илтгэх болно. Гэхдээ францчуудад том тэмцээний үеэр нэг асуудал гардаг нь хувцас солих өрөөний асуудал буюу тоглогчдын маргаан. Яг энэ асуудлаас болж Францын шигшээ баг 2010 оны ДАШТ-д бүтэлгүйтэж, Реал Мадрид клубын довтлогч Карим Бэнзэма олон ч жил шигшээ багтаа дуудагдаагүйн эцэст сая нэг юм Евро-2020 тэмцээнд дуудагдсан. Энэ асуудал тэднээс дахиад л салсангүй. Саяхан ПСЖ клубын супер од Килиан Мбаппэ болон Оливье Жиру нар хоорондоо ам зөрөөд амжсан гэнэ. 

Дээр дурьдсанчлан Карим Бэнзэма зургаан жилийн дараа "Гурван өнгөтнүүд"-ийн эгнээнд эргэн нэгдсэн бөгөөд шууд гараанд гарах нь ойлгомжтой. Түүнтэй мэдээж хэрэг Мбаппэ хоршино. Дидье Дешам энэ удаагийн тоглолтод 4-1-2-1-2 буюу 4-4-2 даймонд хувилбар ашиглах магадлалтай байна. Байрлал бүр дээрээ хүчтэй тэдний хамгаалалтад Рафаел Варан, Кимпэмпэ нар гараанд гарна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Герман

Германы шигшээ баг 2018 оноос хойш уналтад ороод байсан гэж хэлж болно. Тэдний хувьд 2018 оны ДАШТ-ий хэсгээсээ ч гарч чадаагүй нь түүхэнд байгаагүй муу үзүүлэлт нь. "Герман машинууд" өнгөрсөн арваннэгдүгээр сард Испанид 6-0 харьцаатай ялагдал хүлээгээд зогсохгүй ДАШТ-ий урьдчилсан шатанд Умард Македонийн шигшээд хүртэл ялагдсан нь шүүмжлэгчдийн хэл амны бай болсон. Германчууд Францтай хийсэн сүүлийн таван тоглолтдоо хоёр тэнцэж, гурван ялагдал хүлээгээд байгаа ба хөлбөмбөгийн том гүрний хувьд энэ удаад заавал Францыг ялж, нэр төрөө сэргээх нь тэдний хувьд маш чухал хэрэг.

Дасгалжуулагч Йохим Лёв энэхүү тоглолтод 3-4-3 гэсэн хувилбар ашиглах магадлалтай байна. Энэ хувилбар 5-4-1, 4-2-2-2 хувилбар руу хувьсах боломжтой. Мэдээж энэ хувьсалд Йошуа Киммихийн олон талт тоглолтын арга барил чухал нөлөө үзүүлнэ. Энэ жилийн Германы үзүүрийн довтлогчоор Томаш Мюллэр гарах өндөр магадлалтай ба хэрэв тэр гараанд гарвал хуурамч 9 дугаар дээр тоглоно. Түүний хувьд баруун жигүүрт гараанд гарах магадлалтай байгаа Кай Хавэртцтай байрлалаа солин тоглох боломжтой.

Тоглолтын тухай

  • Хоёр баг том тэмцээнд зургаа дахь удаагаа таарч байгаа ч хэсгийн шатанд анх удаа таарч байна.
  • Өмнөх ЕАШТ-д хоёр баг хагас шигшээд учраа таарахад францчууд 2-0 харьцаатай буулган авсан.
  • Германы шигшээ баг Францтай хийсэн сүүлийн таван тоглолтдоо нэг ч ялалт байгуулаагүй.
  • Германчууд ЕАШТ-д гурван удаа түрүүлж байсан бол Франц хоёр удаа түрүүлсэн.
  • Францчууд ЕАШТ-ий нээлтийн тоглолтдоо хамгийн сүүлд 1960 онд ялагдаж байсан бол германчууд ЕАШТ-ий нээлтийн тоглолтод хэзээ ч ялагдаж байгаагүй. 
  • Хэрэв Францын баг энэ тэмцээнд түрүүлж чадвал дасгалжуулагч Дидье Дешам тоглогч болон дасгалжуулагчийн хувиар ДАШТ, ЕАШТ-д түрүүлсэн анхны хүн болно.
  • Германы шигшээ баг ЕАШТ-д 13 удаа оролцож байсан. Өөр ямар ч баг ЕАШТ-д ийм олон оролцож байгаагүй.
  • Антуан Гризманн олон улсын тавцанд тоглохдоо Германы шигшээ багийн эсрэг хамгийн олон гоол оруулж байсан. 
  • Германы шигшээ баг Йохим Лёвын удирдлага дор оролцсон сүүлийн зургаан тэмцээнийхээ тавд нь хагас шигшээд шалгарсан. Зөвхөн 2018 оны ДАШТ-д л энэ амжилтаа үзүүлж чадаагүй.

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж