Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл гэдгээрээ танигдсан гэр бүлийн тэргүүн Зиона өнгөрсөн долоо хоногт (2021.06.13) Энэтхэгийн эмнэлэгт 76 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Овгоо нууцалж, зөвхөн Зиона хэмээх нэрээрээ танигдсан тэрбээр 38 эхнэр, 89 хүүхэдтэй байв. Тэдний гэр бүл Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мизорам мужид аж төрдөг. Зиона олон эхнэртэй гэр бүлийн тогтолцоог бурхны тушаал хэмээн үздэг Христийн урсгалын шашинтан байсан гэдэг. Анх Зионагийн аав Чана Бактуан тосгонд дээрх урсгалыг нэвтрүүлж, гэр бүлээрээ нэгэн том орон сууцанд бөөгнөрөн амьдрах болжээ.
Чухамдаа Энэтхэгт олон эхнэр авах нь хуулиар хориотой боловч мусульманчуудад зориулсан хуулийн дагуу зарим мусульманчууд ховор тохиолдолд хоёр эхнэртэй болж болдог аж.
Зионагийн хувьд 17 настайдаа анхны эхнэртэйгээ гэрлэсэн боловч бусад эхнэртэйгээ хууль ёсны дагуу гэрлэсэн эсэх нь тодорхойгүй юм. Орон нутгийн эрх баригчид ч алслагдсан тосгодод олон эхнэртэй байхыг хориглосон хууль хэрхэн мөрдөгдөж байгааг хянадаггүй байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ