Өдрийн тойм #4: Испанийн рекорд, Шикийн гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм #4: Испанийн рекорд, Шикийн гайхамшиг

Өдрийн тойм #4: Испанийн рекорд, Шикийн гайхамшиг

Чех 2:0 Шотланд

Патрик Шикийн 45 метрийн зайнаас оруулсан гоол Европын аваргын түүхэн дэх хамгийн холоос оруулсан гоол байлаа. Талбайн төвөөс оруулсан тус гоол Патрик Шикийн энэ тоглолтод оруулсан хоёр дахь гоол байсан ба түүний хоёр гоолын ачаар 2:0-ийн харьцаатайгаар Чех Шотландыг буулган авч, анхны гурван оноогоо авсан юм. 

Патрик Шик Чехийн төлөө гараанд гарсан сүүлийн есөн тоглолтод есөн гоолд оролцоод байна. (7 гоол, 2 гоолын дамжуулалт)

Шотландын хувьд Чехийн эсрэг үүнээс өмнө гурван удаа тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулсан. Мөн тэд өмнө нь хэзээ ч том тэмцээний хэсгийн шатнаас шалгарч байгаагүй хэдий ч статистикийн сайтууд, хиймэл оюун ухааны шинжээчдийн дүгнэлтээр хэсгээс гарах магадлалыг нь 48 хувь хэмээн дүгнээд байсан юм.

Шикийн гоолыг алдсан Шотландын хаалгач Дэвид Маршаллын хувьд Шотландын түүхэнд том тэмцээний тоглолтод оролцсон хамгийн ахмад тоглогч болжээ.

Словак 2:1 Польш

Дараагийн тоглолт Словак болон Польшийн багуудын хооронд явагдаж, 62 дахь минутаас хүний давуутай болсон словакчууд 2:1-ээр ялалт байгууллаа. Роберт Левандовскигоор толгойлуулсан Польш эхний гоолоо 18 дахь минутад алдсан бөгөөд хаалгач Шчесни өөрийн хаалгад гоолдсон байна.

Тус гоол нь Европын аваргын түүхэн дэх хаалгач өөрийн хаалгандаа гоолдсон анхны тохиолдол болжээ.

Польшоос Италийн Торинод хүчин зүтгэдэг Линетти 46 дахь минутад тоог тэнцүүлсэн ч 62 дахь минутад багийнх нь гол тоглогчдын нэг Криховиак улаан хуудас авсанаар тоглолтод польшууд хүн дутуу болсон. Улмаар хүний давуу гарсанаас долоон минутын дараа Шкриниар хожлын гоол оруулж, Словак хүчтэй өрсөлдөгчөөсөө маш чухал 3 оноо салгаж чадлаа. 

Испани 0:0 Швед

Өчигдрийн сүүлийн тоглолт Испани болон Шведийн хооронд явагдав. 2012 оноос хойшхи хамгийн өндөр формтой бүрэлдэхүүнээрээ оролцож буй испаничууд хожиход тун төвөгтэй Шведтэй тулсан. Испани тоглолтын турш 85 хувьтай бөмбөг эзэмшсэн нь Европын аваргын түүхэн дэх хамгийн өндөр хувьтай бөмбөг эзэмшсэн тохиолдол байлаа. Мөн хаалга руу нийт 17 удаа цохиж, гоол оруулаагүй нь 2010 оны дэлхийн аваргад Швейцарын эсрэг цохисон 25 гэсэн тооноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байв. Гэвч испаничууд гоол хийж чадалгүй байсаар тоглолт өндөрлөсөн бөгөөд 0:0 гэсэн үр дүнгээр нэг нэг оноо хуваалцсан байна.

Мөн тэд багаараа эхний хагаст 419 дамжуулалт хийсэн нь Еврогийн түүхэн дэх дээд амжилт болж байна. Испанийн гурван ч тоглогч Шведийн багаараа хийсэн дамжуулалтаас ч их дамжуулалт амжилттай болгосон байна. Тоглолтын агуулгын хувьд испаничууд маш хүчтэй байсан ч төгсгөл тал дээр үр дүн бий болгосонгүй. Гараанд Ювэнтүсийн Моратаг дасгалжуулагч сонгосон нь буруу байж магадгүй. Угтаа бол Вилъяреалын Херардо Морено гарах таамаглал байсан. Түүний хувьд 23 гоолыг ла лигт энэ улиралд оруулсан юм. 

Испанийн бүрэлдэхүүний хувьд 2008, 2012 оны мөрөөдлийн багтай дүйцэхгүй байж болох ч тамирчдын форм, багийн тоглолт, багийн ирээдүй зэргээрээ тэр багаас дутахааргүй баг бүрэлдээд байгаа юм. Магадгүй энэ тоглолт Испанийн залуучуудад маш хэрэгтэй тэнцээ болсон байж ч магадгүй. Шведийн хувьд маш олон довтолгоо хаалга руугаа алдаж, бөмбөг бараг огт эзэмшээгүй гэхэд хангалттай үр дүн байсан гэхэд болно. 

NEWMETA – Э.ГАНБААТАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж