Монгол Улсад сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Нийслэлд борооны усны үер асуудал дагуулж буйтай холбогдуулан ямар зохицуулалт хийж ажиллаж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
-Улаанбаатарт үер буух үзэгдэл их гарах боллоо. Цаашид үерийн далан, суваг шуудууг нэмэгдүүлэх боломжтой юу?
-Нийслэлд бороо орсны дараа өдрөөс Геодези, усны барилга, байгууламжийн газрын шуурхай удирдлагын төвд ирэх дуудлага мэдээлэл нэмэгддэг. Тухайлбал, их хэмжээний бороо орсон өдрүүдэд Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж, ойролцоох газруудад борооны ус их хэмжээгээр тогтох, барилга байгууламжийн газар доорх хэсэгт үерийн ус орох зэрэг нөхцөл байдал үүсч байна. Манай байгууллага үүнтэй холбоотой дуудлага, мэдээллийг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Бид төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан, суваг шуудуу, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалт хийдэг.
Хотын даргын өгсөн үүргийн дагуу одоогоор үерийн далангийн цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна. Жилд хавар, намрын улиралд их цэвэрлэгээ хийдэг. Энэхүү төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байна.
-Нийслэлд үер буух хамгийн эрсдэлтэй бүсэд аль хэсэг багтаж байна вэ?
-Цэг гэхээс илүүтэй үерийн хамгаалалтын зурвас зөрчиж буусан айл өрхүүдэд эрсдэл их учирч байна. Учир нь Сэлбэ гол үерлэхэд тухайн газарт оршин сууж байгаа айл өрх болон орон сууцны барилгуудын зоорийн давхар усанд автсан. Манай байгууллага дуудлагын дагуу шуурхай ажиллаж, авто зам, нүхэн гарцуудын усыг соруулж ажилласан.
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан зэрэг дүүрэгт үерийн эрсдэл их байна. Айл өрхүүд ихэвчлэн хамгаалалтын зурвас зөрчиж буусан. Мөн хамгаалалтын зурваст орон сууцны барилга барьснаас болж зоорийн давхарт нь ус тунах, үерийн ус орох зэрэг асуудал үүсч байгаа юм.
Хэдийгээр өнөөдөр зоорийн давхарт нь ус дүүрч байгаа ч цаашлаад орон сууцны барилгын 1-2 давхарт үерийн ус орох, түүнийг соруулах тухай асуудал нийслэлд яригдаж эхэлнэ. 2018 оноос хойш Хан-Уул дүүргийн 60 барилгын зоорийн давхарт үер бууж байгаа талаар яригдсан. Гэвч одоог хүртэл усыг соруулах, тус барилгын компаниуд торгуулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Орон сууцны компаниуд нэг удаа торгуулчихсан бол дахиж хариуцлага хүлээхгүй гэсэн хандлагатай байдаг. Тиймээс нийслэлийн ус зайлуулах шугам сүлжээг нэмэгдүүлэхээс гадна хамгаалалтын зурвас зөрчиж буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууц болон барилгуудын чанар стандартыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай байна.
Дуудлага, мэдээллийн тухайд борооны усны шугам сүлжээгүй газруудаас ихэвчлэн ирж байна. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 100 км орчим нь 1966-1987 онд, 48 км нь 1987-2019 онуудад баригдсан. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16 гол төв магистраль шугам 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг.
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлж, Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн газрын албатай хамтран ажиллаж байна.