УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.06.15) хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
ҮНЭНИЙГ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ ТОРГУУЛЖ, ХЭЛМЭГДДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улсад хүний эрх олигтой хэрэгжээгүй байхад 365 хуудастай мянган ширхэг ном гаргадгаа болимоор байна. ХЭҮК бол танхимд суугаад баахан ярьдаг хүмүүсийн цуглуулга болсон. Ордон тойроод хүний эрх хангагдахгүй. "Энхсаран"-гийн булхайг илчилсэн залууг Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Монголд үнэнийг хэлсний төлөө торгуулж, хэлмэгддэг асуудал байж болохгүй. Дараа нь хурлаар ороод, торгуулахаа больсон байна лээ. Цар тахал гээд хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, ил тод байдлыг хаадаг боодог болсон. Ялангуяа эрх баригчид төрийн албан хаагчид, цүнх баригчид хүний эрхийг ноцтой зөрчдөг. Нэг гоё байгууллага байгуулаад, хүний эрхийг хамгаалдаг гэж мэдэхгүй юм байна. Ном уншихаас илүү дайчин, давшингуй байж хүний эрхийг хамгаалдаг юм шүү.
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.ХУНАН: ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүд өнгөрсөн оноос ажлаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид бүгд том сорилтыг тууллаа. Хөл хорио тогтоож, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс арван хувиар ажиллаж байсан. Нийтдээ бид 40 объектод ажиглалт хийсэн. Мөн орон нутагт өөрсдийн нөөц бололцоогоор ажилласан. "Энхсаран" сувилалтай холбоотой иргэн Д.Мөнхбатын асуудалд холбогдох хүмүүсээс тайлбар авах ажлууд хийж байна.
ХЭҮК-ын гишүүн Г.НАРАНТУЯА: Иргэн Д.Мөнхбат үзэл бодол зөрчигдсөн асуудлаар гомдол гаргасан. Covid-19 холбоотой гомдлыг шийдвэрлэхдээ тогтолцооны шинжтэй асуудал гэж харж, үйл баримтыг тогтоож, хүний эрхийг зөрчсөн хэсэгт дүгнэлт өгч байна.
Иргэн Д.Мөнхбаттай холбоотой хэд хэдэн нарийн асуудал бий. Тусгаарлалтад байх хугацаанд иргэний мэдээлэл авах эрхийг зөрчсөн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан асуудлыг тавьж байна. Нөгөө талаас УОК-ын шуурхай штаб тусгаарлалтыг хэрэгжүүлж буй байгууллагын зүгээс хууль тогтоомжийн дагуу ажилласан. Гэтэл зарим нь эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас тусгаарлалтын байранд халдварт өвчин гарсан гэх асуудлыг ярьсан. Хүний эрх чөлөө бол тэнцвэрийн асуудал. Бидэнд нотлогдож буй баримтад тулгуурлан дүгнэлтээ хийдэг.
Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэрэг шүүхээр хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хэрэгтээ холбоотой асуудлаарх гомдлыг ХЭҮК шалгаж байна. ХЭҮК-ын Гомдол шалгах хэлтэс таван хүнтэй ажилладаг. Өнгөрсөн хугацаанд 600 гаруй гомдол шалгалаа. Хүн хүч дутагдаж буй асуудал бий.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: ХЭҮК боломжийн түвшинд ажиллаж байгаа гэж хэлнэ. УИХ-ын гишүүд ХЭҮК-ын тайлан илтгэлтэй сайн танилцах хэрэгтэй байгаа юм. Энэ тайлангийн мөрөөр цаашдаа УИХ бодлогын арга хэмжээ авах шаардлагатай. ХЭҮК нь цар тахлын хугацаанд УОК-ын шийдвэр, үйл ажиллагаанд иргэд олон нийт шүүжлэлтэй байгааг удаа дараа хөндөж байсан. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд ХЭҮК хяналт тавьж ажилласан зүйл бий юу. Ямар зөвлөмж өгч, ямар шаардлага тавьсан бэ. Хүндрэлүүд байсан уу? Covid-19-nay хуулийн үйлчлэл долдугаар сарын 1-нд дуусна. Энэ хуулийн үйлчлэлийг сунгах талаар ХЭҮК ямар байр суурьтай байна вэ. Би хувьдаа сунгахгүй гэсэн байр суурьтай байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.ХУНАН: ХЭҮК-ын хоёр гишүүн өмнө нь УОК-той хамтарч ажиллаж байсан. Засгийн газар солигдсоноос хойш УОК-ын хуралд оролцох боломжгүй болсон. ХЭҮК-оос УОК-ын даргад өнгөрсөн хугацаанд дөрвөн шаардлага хүргүүлсэн. Үүнээс нэгд нь хариулт ирүүлээгүй байна. Нийтдээ зургаан шаардлагыг холбогдох газарт хүргүүлсэн. Үүнээс гадна Комиссын тухай хуульд зааснаар ХЭҮК-ын гишүүний шаардлага 30 хоногийн хугацаатай. Үүнээс бага байж болдог. Зөвлөмж 60 хоногийн хугацаатай. Сүүлд албан бичгээр УОК-ын даргатай уулзах цаг товлох албан бичиг хүргүүлсэн. Хариу аваагүй.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: \Халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал хэр байна вэ. Хоёрдугаарт, 119 дугаар руу залгахаар утас авдаггүй. Энэ байдлыг яах вэ. Харилцах сувгаа хаачихаар яах вэ. Хүмүүс энэ асуудалд хариулт авч чадахгүй байна.
Гуравдугаарт, хүчирхийллийн хэргийг мөрддөг тусгай мөрдөгч хэрэгтэй. Мөрдөх алба дотор мөрдөгчдийг бэлдэж, тусгай алба хаагчдыг ажиллуулахгүй бол хохирогч хэргээ ярьж чадахгүй байна. Хүчирхийллийн хэргийн хохирогч бол эргэн тойрондоо хохирдог. Энэ талаар та бүхэн юу бодож байна.
ХЭҮК-ын зузаан илтгэлийг гишүүд унших хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар маш олон иргэн гэртээ халдвар авсан байна. Иргэд 119 рүү залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй байгаа талаар мэдээлэл ирүүлж байгаа. Төр, иргэн хоёрын холбоо тасарсан. Итали шиг "Залуу хүнээ авч үлдье, та уучлаарай" гээд хөгшчүүлээ хаясан жишээ байна. Витамин, эмийн үнэ шууд өсч байна. "Арбидол" эм 6000 байснаа 30 мянга болчихлоо. ЭМЯ нөхцөл байдлаа хэлэхгүй байгаа юм. Эмнэлгийн ачаалал хэтэрлээ. Эмчилж буй хүмүүсийн 20 хувь хүн маш хүнд байна. Ийм асуудалд тодорхой хариу өгөх ёстой. Өнөөдрийн мөчид энэ чухал байна.
ХЭҮК-ийн гишүүн Ж.ХУНАН: ХЭҮК-оос ялгаварлан гадуурхалтын тухай анхнаасаа хэлсээр ирсэн. Ямар ч тохиолдолд ялгаварлалт гарч болохгүй. Хамгийн анхны тохиолдолд Франц улсын иргэнээс авахуулаад тэднийг үгүйсгэх, доромжлох нөхцөл байдал үүсч байна. Иргэдийг тусгаарлах явцад ялгаварлан гадуурхах хүнлэг бус асуудал байна гэдгийг байнга тавьж ирсэн. Илтгэлдээ энэ асуудлаар жишээн дээр тусгасан. Иргэдийн хандлага бусад хүчин зүйлсийг харгалзах шаардлагатай. Иргэд айдас хүйдэст автсан байсан учраас зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг байнга илэрхийлсэн.
ХЭҮК-ийн гишүүн Б.ЭНХБОЛД: Цар тахлын үед хүчирхийлэл энгийн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн. Тиймээс УЕПГ, Цагдаагийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хүчирхийлэлтэй холбоотой, хохирогч төвтэй хэргийг шалгаж эхэлсэн. Арай өөр арга барилаар хандаж байна. Дүрэм журмыг ягштал мөрддөг гэдгээ хэлдэг ч хохирогчтой уулзахад энэ дүр зураг дутмаг байдаг.
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГЫГ СОНСОВ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажлын хэсгийн танилцуулгыг сонсоод, асуулт асууж, үг хэлж дууслаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.
Санал хураалтад 14 гишүүн оролцож, найман гишүүний саналаар санал дэмжигдлээ. ХЗБХ 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дууслаа.