Монголын үндэсний бөхийн холбооноос улсын их баяр наадам ойртож буйтай холбогдуулан 100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан зохион байгуулах гэж байна. Өнөө цагийн идэр залуу хүчтэнүүд оролцох “Үндэсний бөх – Үнэт өв” барилдаан нь зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Тэрэлжид байрлах "Ред Рок" амралтын газар зохион байгуулагдах аж. Энэхүү 32 бөхийн барилдаанд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулах аж.
Цэц, засуул, бөхчүүд найман өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилтад хамрагдана.
Тус барилдаан 2021 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах ба МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Улсын Онцгой Комиссоос барилдаан зохион байгуулах зохих заавар, зөвшөөрлийг авснаас гадна телевизийн дөрвөн суваг шууд дамжуулах юм.
Зохион байгуулалтын хувьд нэг бөх өдөрт дөрвөн удаа барилдаж, амжилтаас нь хамаарч 1-10 сая төгрөгийн шагнал олгохоор болжээ. Мөн бөхчүүдийг вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан байхыг шаардаж байна.
Холбоотой мэдээ