"PCR-ийг төлбөртэй болгосноор халдварын тархалт буурахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

"PCR-ийг төлбөртэй болгосноор халдварын тархалт буурахгүй"

PCR шинжилгээг төлбөртэй болгосноор халдвартайгаа мэдэхгүй хүн олширно

PCR шинжилгээг төлбөртэй болгосноор халдвартайгаа мэдэхгүй хүн олширноhttps://news.mn/r/2441749

Posted by News.mn on Tuesday, June 15, 2021

Covid-19 илрүүлэх сайн дурын PCR шинжилгээг зургадугаар сарын 15-наас эхлэн үнэ төлбөртэй болгоно гэж албаныхан мэдээлсэн. Тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авах юм. Энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.


ЭМЯНЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ:

-Сайн дурын PCR шинжилгээг төлбөртэй болгох талаар тодорхой шийдвэр гараагүй. Өнөөдрийн байдлаар шинжилгээний цэгүүд үргэлжлүүлэн хэвийн ажиллаж байна. Бид халдварын голомт дагасан ойрын хавьтлын шинжилгээг төлбөртэй болгохгүй. Хамгийн гол нь сайн дурын PCR шинжилгээ нь нөөцөд ихээр нөлөөлж байна. Сайн дурын шинжилгээний эерэг илэрц нь бага, PCR шинжилгээний нөөцөөс зарцуулагдаж байна. Энэ асуудлыг зохицуулах гэж байгаа юм. Энэ талаар эрт л ярьж эхэлсэн. Зөвхөн сайн дурын PCR шинжилгээг төлбөртэй болгоно гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Тандалтын шинжилгээ хийхдээ тархвар судлаач судалж, 100 хүнд сэжигтэй тохиолдол байгаа учраас PCR шинжилгээ хийх шаардлагатай гэдгийг тогтоодог. Тиймээс эдгээр хүмүүс шинжилгээ өгөхөд төлбөр мөнгөний асуудал яригдахгүй. Сайн дурын шинжилгээний үнэ төлбөрийн судалгаа хийж байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээний нөөцийн хомсдол бий. Одоогоор нөөцийн хомсдлоос шалтгаалан PCR шинжилгээг хумиагүй. Бид хоногт дунджаар 10 мянга гаруй PCR шинжилгээ хийж, ачаалалтай ажиллаж байна. Ойрын хавьтлаа дагаад шинжилгээ хийгээд ирэхээр сайн дурын шинжилгээ өгсөн иргэдийн хариу хурдан гарч эхэлнэ. Сайн дурын шинжилгээг өнөөдөр хувийн хэвшлийн эмнэлгүүд төлбөртэй хийж байгаа шүү дээ. Гэхдээ улсаас хувийн эмнэлгийн тогтоосон үнэ төлбөрөөс арай хямд тогтоох байх.

ХӨСҮТ-ИЙН ТАРХВАР СУДЛААЧ Э.ТЭМҮҮЛЭН:

-Мэргэжлийн үүднээс харахад цар тахлыг хумьж авах хамгийн эхний алхам бол PCR шинжилгээг маш өргөн хүрээтэйгээр хийх боломж олгох. Хэрэв иргэдэд шинж тэмдэг илэрч, ойрын хавьтал боллоо гэхэд хаана ч очоод шинжилгээ өгөх боломжийг хангах ёстой. Ингэснээр нийгэмд байгаа халдвартай хүмүүсээ тусгаарлаж, цаашид халдвар тараах эрсдэлийг хязгаарладаг. Цаашид PCR шинжилгээг үнэ төлбөртэй болгосноор тэр боломжуудыг тодорхой хэмжээгээр хязгаарлана гэсэн үг.

Цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал доройтолд орсон. Энэ үед нийгмийн ихэнх хэсэг PCR шинжилгээ өгөх боломжгүй болж байна. Ингэснээр нийгэмд халдвартай гэдгээ мэдэхгүй хүн олширч, улам эрсдэл нэмэгдэнэ. Сүүлийн хэдэн сар вакцинжуулалтаа эрчимжүүлж, сайн дурын шинжилгээ авах цэгүүдийг багасгаж, хамгийн өндөр эрсдэлтэй голомт дагасан PCR шинжилгээ хийж буй. Нөгөө талдаа Монгол Улс хөгжиж буй орон. Эрүүл мэндийн салбар нь хязгаарлагдмал нөөц бололцоотой. Улсын хэмжээнд цар тахлын улмаас бүх салбар доройтолд орчихсон учраас хүссэн хүн болгонд PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийх боломж нь хязгаарлагдмал болж байна. Тэгэхээр аль аль талыг нь харж, энэ шийдвэрийг гаргах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж