Танилц: Европын аваргыг өнгөлөх шинэ залуу тоглогчид

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Танилц: Европын аваргыг өнгөлөх шинэ залуу тоглогчид

Танилц: Европын аваргыг өнгөлөх шинэ залуу тоглогчид

Жил бүрийн Европын аваргаар супер одод гэхээсээ илүүтэй залуу одод олны анхаарлыг татаж, тэсрэлт хийдэг. 2004 онд Кристиано Роналдо, 2008 онд Лука Модрич, 2012 онд Алан Дзагоев, 2016 онд Ренато Санчес гээд Европын аваргын чимэг болсон нэрс ар араасаа хөвөрнө. Энэ удаад бид та бүхэндээ энэ жилийн Европын аваргаар хүлээлт үүсгээд буй залуу оддыг танилцуулж байна. Тэднээс харцаа бүү салгаарай.


  • Жуд Беллингем

Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр 18 нас хүрэх энэ залуу хэдийнэ том багуудын арааны шүлсийг асгаруулж, тив дэлхийд танигдаад эхэлсэн. Германы Боруссиа Дортмундад данстай англи хүүгийн хувьд Евро-2020 тэмцээний дебют тоглолтоо Хорватын эсрэг хийгээд амжсан. Өнгөрсөн улирлын УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Манчестер Сити багийн эсрэг гоол оруулсан тэрбээр тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуудаа буюу 17 нас 289 өдөртэйдөө гоол оруулсан тоглогч болсон. Түүний довтолгоо, хамгаалалтад жигд оролцдог, ур чадвартай, санаачлагатай тоглолт Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейтын анхаарлыг эрхгүй татсан.

  • Педри

Өнгөрсөн арваннэгдүгээр сард 18 нас хүрсэн Педриг испаничууд “Дараагийн Иньеста”, Барселонагийн фэнүүд “Барсагийн ирээдүй” гэж тодорхойлох дуртай. Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис Энрикед ч түүний Барселонад үзүүлсэн тоглолт нь таалагдаж, олон авьяаслаг төвийн хагас хамгаалагчдын оронд Педриг шигшээд дуудсан. Өчигдөр хүртэл Шведтэй хийсэн тоглолтод Тиагогоос илүүд үзэж, шууд гараанд гаргасан нь анхаарал татав. Барселонагийн бүтэлгүй өнгөрсөн улирлын ганц ололт амжилт нь Педри байсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр өнгөрсөн улиралд нийтдээ 52 тоглолтод дөрвөн гоол оруулж, зургаан гоолын дамжуулалт өгчээ. Түүний талбайн төв дэх бөмбөг эзэмшилт, дамжуулалтын оновч зэрэг нь Испанийн шигшээг чимнэ.

  • Мэйсон Маунт, Фил Фоден

Дараагийн Фрэнк Лампард, Стивен Жерард гэгдээд буй дээрх хоёр тоглогчийн талаар ярих илүүц биз. Тоолвол нас, төөлвөл бие чацуу энэ хоёр тоглогч цаашид олон жил Английн шигшээ багийн гол тоглогчид байх болно. Гарет Саутгейт хоёр залуу “арслангаа” Хорватын эсрэг хийсэн тоглолтод шууд гараанд гаргасан. Энэ нь ч үр дүнгээ өгч, Английн шигшээ анх удаагаа Европын аваргын нээлтийн тоглолтод хожсон.

  • Максим Мухин

Оросоос тодрон гарч буй Максим Мухин гэх 19 настай хүүтэй танилцаарай. Локомотив Москва багаас гаралтай энэ хүү саяхан ЦСКА Москватай нэгдсэн. Өнгөрсөн улирал Локомотивын бүрэлдэхүүнд байхдаа Оросын цомд түрүүлээд амжсан. Түүнийг Станислав Черчесов Бельгийн эсрэг хийсэн тоглолтод сэлгээгээр талбайд гаргаж байгаа харагдсан. Залуу хүүгийн хувьд дараагийн тоглолтуудаас гараанд нэрлэгдэх магадлалтай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, тэрбээр эсрэг багийнхаа довтолгоог нураах, талбайн гүнээс алсын дамжуулалт өгөх тал дээр гарамгай нэгэн аж. Мөн түүний нэгийн хүрэлтүүдийг онцолжээ.

Максим Мухинаас гадна Арсен Захарян гэх 2003 оны хүү Орост “баллаж” байна. Динамо Москвагийн үндсэн багт ердөө 13 тоглолт хийсэн ч багийнх нь фэнүүд түүнийг “Оны шилдэг” тоглогч болгосон. Армени гаралтай хүү Оросын шигшээд дуудагдсан ч харамсалтай нь бэртэл гэмтлийн улмаас Евро-2020 тэмцээнд оролцож чадахгүй болсон юм.

  • Федерико Кьеза

2018 оны дэлхийн аваргыг өнжсөн Италийн шигшээ баг энэ удаагийн Европын аваргаар том амжилт үзүүлж, цомоор ангаж цангасан ард түмнээ баярлуулахыг хүсч байгаа нь мэдээж. Тэдний хүсээд буй том амжилтад хөтлөх тоглогчдын нэг бол Италийн шигшээ багийн довтлогч асан Энрико Кьезагийн хүү Федерико. Өдгөө 23 настай Фиорентинагаас гаралтай Кьеза өнгөрсөн улирал Ювентусын бүрэлдэхүүнд гялалзсан. Нийтдээ 46 тоглолтод оролцож, 15 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгчээ. Залуу хүү Роналдогоос ч их зүйл сурсан нь лавтай.

  • Йошко Гвардиол

Алдарт дасгалжуулагч Пеп Гвардиолатай төстэй нэртэй болохоор багийнх нь нөхөд түүнийг Пеп гэж шоглодог. Германы РБ Лейпциг багт хүчин зүтгэдэг тэрбээр өдгөө дөнгөж 19 настай хэдий ч биеийн хүчний тоглолт, агаарын тулаан зэрэгт дийлдэшгүй нэгэн. Хамгаалалтын асуудалтай байгаа олон ч томоохон баг түүний тоглолт бүрийг анхааралтай ажиглаж байгаа аж. Английн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод Калвин Филлипсийг зогсоож чадаагүйг нь эс тооцвол муугүй тоглосон.

  • Виктор Цыганков

Украины шигшээ баг энэ удаагийн Европын аваргын хатуу самар гэдгээ харуулж, хүчирхэг Нидерландын шигшээг барьц алдуулсан. Домогт довтлогч Андрей Шевченкогоор удирдуулсан Украины шигшээд олон авьяаслаг тоглогчид бий. Тэдгээрийн нэг бол Динамо Киевийн хагас хамгаалагч Виктор Цыганков. Өдгөө 23 настай хэдий ч аль хэдийнэ Динамо Киевийн дэд ахлагч болсон тэрбээр өнгөрсөн улирал 34 тоглолтод 15 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгчээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд ч чамгүй олон тоглолт хийж, Серби, Испани, Францын эсрэг гоол оруулсан байна. Түүний бөмбөг эзэмшилт, алсын дамжуулалт, алсын цохилт зэрэг нь давуу тал нь аж. Сүүлд гарсан мэдээллээр, Английн Ливерпүүл түүнийг эрчимтэй сонирхож байна.

  • Райан Гравенберх

16 настайдаа Аяаксын үндсэн бүрэлдэхүүнд тоглож, тус багийн түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан Райан Гравенберх гэх энэ залуу таны анхаарлыг өөрийн эрхгүй татна. 1.9 метр өндөртэй, 19 настай Райан талбайн төвийг эзэгнэдэг аж. Түүнийг хамгаалалтын мэдрэмж өндөртэй, дамжуулалтын оновч сайтай гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.

  • Александр Исак

Златан Ибрахимовичоо бэртэл гэмтэлд алдсан шведчүүд 21 настай Александр Исакт итгэл хүлээлгэж байна. Испанийн Реал Сосьедад багийн төлөө тэрбээр нийтдээ 89 тоглолтод оролцож, 33 гоол оруулсан аж. Түүний довтолгоог төгсгөх, байрлалаа эзэмших зэрэг чадварууд нь Боруссиа Дортмунд, Арсенал, Барселона зэрэг багуудын анхаарлыг татжээ.

  • Билли Гилмор

Ирландын домогт хөлбөмбөгчин Рой Кин энэ хүүгийн талаар магтаад амжсан. Тэрбээр шотландууд Английг Уэмблид нь хожъё л гэж бодож байвал тэс өөр зохион байгуулалттай төвийн хагасын бүрэлдэхүүнийг гаргах хэрэгтэй гэв. Харин тэрхүү өөр зохион байгуулалтыг нь 20 настай Билли Гилмор авчирч чадах аж. Дөнгөж 15 насандаа мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтоо хийж байсан тэрбээр өдгөө Английн Челсид хүчин зүтгэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж