“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт

“Алуурчин”-тай уулзах нь буюу Байдены том сорилт

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Швейцарын Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Хоёр улсын харилцаа түүхэн доод түвшинд хүрээд буй энэ үед Байден, Путин нарын уулзалтыг дэлхий нийт чих тавин хүлээж байна. Албан тушаалаа хүлээж аваад удаагүй байхдаа Жо Байден Путиныг “алуурчин” хэмээн цоллосноос үүдэн хоёр улсын харилцаа улам хөндийрч эхэлсэн билээ. Улмаар өдгөө ОХУ нь АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” улсын жагсаалтад оруулж, харилцан дипломат ажилтнуудаа хөөгөөд байгаа юм.

Энэ удаагийн уулзалт Жо Байдены Ерөнхийлөгчийн албан тушаалд ноцтой нөлөөлж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхийн эдийн засгийн хөшүүрэг байж, Америкийн манлайллыг сэргээж, үе үеийн эдийн засгийн хамгийн том өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан түүний хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалт маш том сорилт болох нь гарцаагүй.

Эхний зорилгынхоо суурийг тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Их-7” уулзалтаар тавьсан. Энэ үеэр тэр өөрийгөө Дональд Трампыг зүгээр ч нэг үгүйсгээгүйгээ харуулсан. Хөгжиж буй орнуудад тэрбум тун хандивлах, үндэстэн дамнасан корпорациудын татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох, Хятад дахь хүний ​​эрх зөрчигдөж буй асуудлаархи эв нэгдлийг хангах амлалт өгснөөр уулзалт өндөрлөв.

Сүүлийн үед Оростой дайсагналцсан байдалтай байгаа америкчуудын хувьд Ерөнхийлөгчөө “дайсан"-тайгаа уулзах гэж байна хэмээн шүүмжилж байна. АНУ-ын тагнуулын ажилтнууд сүүлийн хоёр сонгуульд нь ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байгаа билээ. ОХУ-тай тогтвортой, үр дүнтэй харилцаа тогтоох боломжтой эсэхэд Женевийн дээд хэмжээний уулзалт туршилт болно гэж Ерөнхийлөгч Байден хэлсэн. Гэхдээ Байден өөрөө ч энэ уулзалт үр дүнд хүрнэ гэдэгт итгэлгүй байна. Тэрбээр саяхан Путины талаар "Хүний зан авирыг өөрчлөх ямар ч баталгаа байхгүй” хэмээн ярьжээ.

Хоёр удирдагч аль аль нь хэт их дайсагнасан харилцаанаас үүдэлтэй хохирлыг бууруулахыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзжээ. Тухайлбал, бие биедээ бууж өгөхгүйн тулд талууд харилцан эдийн засгийн хориг тавилцсан. Энэ нь мэдээж хэн хэнд нь ашиггүй. Мөн дипломат харилцаагаа бага ч гэсэн сэргээхийг эрмэлзэж, температурыг ганц, хоёр градусаар бууруулахыг хүсч байгаа нь дамжиггүй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд саяхан өгсөн ярилцлагадаа АНУ-тай цөмийн зэвсгийг хянах шинэ яриа хэлэлцээ, Сири, Ливи зэрэг бүс нутгийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Хэрэв тэд эдгээр асуудлууд дээр санал нэгдэж чадвал дээд хэмжээний уулзалт дэмий хоосон болсонгүй гэж дүгнэж болно.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд уулзалтын үеэр хөндөх нэгэн чухал сэдэв бол ОХУ-д хоригдож буй америкчууд юм. Үүнд 2018 онд баривчлагдаж, тагнуул хийсэн хэргээр шийтгэгдсэн Пол Вилан, Тревор Рид зэрэг хүмүүс багтана. Тэдний ар гэрийнхэн ч кампанит ажил өрнүүлж, Ерөнхийлөгчөөсөө ОХУ-тай энэ талаар хэлэлцэхийг шаардаж эхэлжээ. Орос улс саяхан хоригдлуудаа солилцох санаачлагыг шинэчилсэн ч АНУ-ын шаардлагад нийцэхгүй хэвээр байна. Иймд энэ асуудал нэг удаагийн уулзалтаар тийм ч амар шийдэгдэхгүй болов уу.

Путины хувьд энэ уулзалтаар өөрийн улсыг дэлхийн их гүрэн гэдгийг, өөрийгөө дэлхийн хамгийн мундаг удирдагчдын нэг гэдгийг харуулахыг хүсч буй.

Хүний эрх бол гадаад бодлогын төв байх болно гэж тодорхойлсон Байденыг Женевт болох уулзалтын үеэр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулж, хорьсон асуудлаар ам нээнэ гэсэн хүлээлт дэлхий нийтэд байна. Мөн цахим халдлагуудын талаар Путинтэй ярилцана гэж үзэж байна.

Сүүлийн үед АНУ-ын стратегийн ач холбогдол бүхий томоохон байгууллагууд цахим халдлагад өртөн, их хэмжээний хохирол учраад буй билээ. Үүний цаана ОХУ байгаа гэж АНУ үзэж буй бол ОХУ-ын зүгээс кибер халдлагад ямар ч холбогдолгүйгээ мэдэгдсээр байгаа билээ. Путин үүнийг "утгагүй", "инээдтэй" гүтгэлэг хэмээн тодорхойлсон.

Дэлхийн хоёр их гүрний удирдагч нарын уулзалтаар дээрх асуудлууд хөндөгдөнө гэж ажиглагчид хүлээж байна. Энэ эгзэгтэй цаг үед хэн хэнийх нь хувьд маш чухал бөгөөд хариуцлагатай уулзалт байх болно гэж шинжээчид үзэж байгаа юм. Ялангуяа АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгчийн хувьд өөрийгөө ямар түвшний улстөрч вэ гэдгээ харуулах боломж бөгөөд сорилт болж байгаа гэж олон нийт харж байна.

Эх сурвалж: BBC, CNN, NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж