Цар тахлын хүндхэн өдрүүдэд эмч нар оргил ачааллыг үүрч, нойр хоолоо умартан, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд чөмгөө дундартал зүтгэж байгаа гэхэд хилсдэхгүй. Саяхан сошиалд А гэх эмч өөрт тохиолдсон явдлаа бичжээ. Тэрбээр “Эмч болоод 14 жил болохдоо өвчний учир акт авч байгаагүй юм байна. Тэгсэн арчаагүй дээ ажлаа хийж яваад эерэг болоод гэртээ байх болов. Цалин маань 136 мянга бодогдож. Үнэхээр үхэх байтугай өвдөж болохгүй юм байна. Журам нь ийм юм даа, хөөрхий. Эрүүл мэндийн салбарын үнэлэмж ийм л байна даа. Жижүүр хийж илүү цаг авдаг. Бас бус нэмэгдэл авдаг тулдаа л болж байна. Нэмэгдэлгүй нөхдүүд минь яаж болдог юм бол” хэмээн бичжээ. Түүний үндсэн цалин 912 мянга бөгөөд салбартаа 14 жил тасралтгүй зүтгэсэн гэхэд дэндүү чамлалттай мөнгө аж.
Цар тахлын улмаас тэд хоёр жилийн хугацаанд хамгаалалтын хувцсаа гамнан, нойл орохгүй, хагас өдөр ус ч уухгүй том хүний памперстай хүнд нөхцөлд ажиллаж яваа нь үнэн. Өчигдрийн байдлаар Covid-19-ийн 2263 тохиолдол бүртгэгдэж, нас баралт наймаар нэмэгдэв.
Халдварын тоо нэмэгдэхийн хирээр цар тахалтай нүүр тулж буй эмч, эмнэлгийн ажилчид ажлаасаа халширч, туйлдаж байгаа нь нууц биш. Мэргэжилтнүүд нөхцөл байдалтай уялдан анагаахын төгсөх курсийн оюутнууд, сургууль цэцэрлэгийн эмч, резидентүүдийг дайчлах санал гаргаад буй билээ.
Тоо баримтаас харвал, манай улсын эрүүл мэндийн салбарт 55 мянга 581 ажилтан ажиллаж байгаа бөгөөд таван хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд байна. Засгийн газраас эмч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгохоор “Алсын хараа-2050”, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрүүдэд тодорхой зорилтуудыг тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын цалингийн шатлалыг 2-3 дахин нэмсэн гэсэн мэдээлэл өгдөг. Мөн 2019-2020 онд аймаг, нийслэлийн 548 эрүүл мэндийн ажилтанд орон сууцны дэмжлэг олгосон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дурдсан.
Гэвч дээрх мэдээлэл бодит байдалтай наалдсангүй. Өнгөрөгч гуравдугаар сард Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Их эмчийн дундаж цалин 750-850 мянга, сувилагч 670-720 мянга, үйлчилгээний ажилчид 460-550 мянган төгрөгийн цалинтай цар тахалтай тэмцэн ажиллаж байна.
Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл хэмээн 26 хувийг авна. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь цалингийн зээлтэй, цалингийн зээлийн хүү нь 18-21,6 хувь байдаг. Урьдчилгаа цалин гэж 220-280 мянган төгрөг цалин авч, банкны зээлд өгснөөр 20-30 мянган төгрөгтэй л үлдэж байна. Ялангуяа ХӨСҮТ-ийн ажилчид ямар их ачаалалтай ажиллаж байгаа билээ. Ажилчид маань ядарч туйлдан цөхөрч, маш олноор өвдөж эхэлж байна” хэмээн мэдэгджээ. Өөрөөр хэлбэл тэд Засгийн газраас цалин урамшууллаа нэмэгдүүлж, цаг хугацаанд олгохыг шаардсан нь энэ.
ХӨСҮТ-ийн хэмжээнд цар тахал дэгдсэнээс хойш 50 гаруй ажилчин халдвар авчээ. Засгийн газраас тэдэнд эхний ээлжинд таван сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Гэтэл энэ оны хоёрдугаар сараас хойш халдвар авсан эмнэлгийнхэнд дээрх мөнгөн тусламжийг олгоогүйг Х.Ариунаа хэлсэн.
Тиймээс ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдад урам өгч, буцалтгүй тусламж олгон, голомтод 24 цагаар нэг сарын хугацаатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдыг голомтоос гарахад нь илүү цагийн урамшууллыг цаг тухайд нь олгохыг тэд хүсч байгаа юм.
Хэрвээ эмнэлгийн салбараа зөнд нь хаяж, эмч нараа туйлдуулбал энэ салбарт хүний нөөцийн хомсдол үүсэх нь гарцаагүй билээ. Түүнийг дагаад нас баралтын тоо өсөх нь гашуун үнэн. Даанч төр тэднийг үл ойшоож, халдвар авч гэртээ тусгаарлагдсан эмч нарын хоногийн цалинг хасч байгаа нь харамсалтай. Монгол Улс Азидаа халдварын өвчлөлөөр дээгүүрт бичигдэж байгаа энэ үед цар тахалтай нүүр тулж яваа эмч нартаа анхаарал хандуулах цаг иржээ.
Холбоотой мэдээ