Сурвалжлага: 200 хайрцаг уламжлалтын тан 2-3 өдөрт дууссан

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 200 хайрцаг уламжлалтын тан 2-3 өдөрт дууссан

Сурвалжлага: 200 хайрцаг уламжлалтын тан 2-3 өдөрт дууссан

Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 давах боллоо. Эмнэлэг ачааллаа дийлэхээ байж, халдвар авсан иргэд гэрээр өөрсдийгөө эмчлэхэд хүрсэн.  Иймд Covid-19-ийн эм хангамжийн хүртээмжтэй байдал, үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

ӨРХИЙН ЭМНЭЛЭГ "АРБИДОЛ"-ООС БУСАД ДАРХЛАА ДЭМЖИХ БЭЛДМЭЛИЙГ ӨӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ӨГЧ БАЙНА

Баянзүрх дүүргийн 27-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөр орлоо.

27-р хороонд одоогийн байдлаар Covid-19-тэй 64 иргэн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд халдвар эрс нэмэгдэж байгаа тул өрхийн эмнэлгээс тандалтын баг гарч, батлагдсан болон ойрын хавьтлуудад шинжилгээ, үзлэг хийж байгаа талаар тус хорооны Өрхийн эрүүл мэндийн газрын дарга онцолж байлаа.

Тус хорооны өрхийн эмч Э.Болормаагаас тодруулахад “НЭМГ-аас вирусийн эсрэг "Арбидол" гэх эмээр хангаж байгаа юм. Гэхдээ гэрээр эмчлүүлж буй иргэд вирусийн эсрэг эмийг хангалттай тунгаар хэрэглэж чадахгүй байна. Учир нь 200 мг-тай "Арбидол"-ыг насанд хүрсэн хүн өдөрт 2-3 удаа уух ёстой. Гэвч гэрээр эмчлүүлж буй хүнд өдрийн нэг удаа уух буюу 10 ширхэгийг л өгч байна. Биеийн байдал нь хөнгөн иргэдэд вирусийн эсрэг эмээ өдөрт нэг удаа ууж болно гэж зөвлөж байгаа юм. Тангийн буюу уламжлалт чиглэлийн багц нь хүн бүхэнд хангалттай хэмжээгээр ирэхгүй” гэв.

 Өрхийн эрүүл мэндийн төв өөрийн санхүүжилтээр гэрээр эмчлүүлж буй иргэдийн дархлаа дэмжих витамин D, C-г хангаж байгааг хэлж байлаа. Вирусийн эсрэг "Арбидол" гэх эмийг насанд хүрсэн хүн өдөрт 2-3 ширхэг буюу 200-600 мг хэрэглэх заалттай ч хангалтаар өгч буй вирусийн эсрэг 10 ширхэг эм нь ердөө таван өдрийн эмчилгээ гэсэн үг юм. Иймээс шаардагдах  эмийн мөнгийг иргэн халааснаасаа гаргаж байгаа юм.

 “Бид гэрээр эмчлүүлж буй иргэд рүү өдөрт хоёр удаа утсаар залгаж, биеийн байдлыг нь хянаж байна. Эм, тангаар хангана л даа. Хөнгөн туссан ч зовиур арилахгүй нэмэгдсэн тохиолдолд эмнэлэгт шилжүүлж байна” гэж тэд ярилаа.

 200 ХАЙРЦАГ УЛАМЖЛАЛТЫН ТАНГУУД 2-3 ХОНОГИЙН ДОТОР ДУУССАН

Covid-19 цар тахлын эхэн үед амны хаалт, гар ариутгагчийн үнэ тэнгэрт хадаж, хомсдол ихээр үүссэн. Халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ үед Covid-19-ийн эмчилгээний эмийн нөөц хангалттай байгаа эсэх, мөн  Covid-19-ийн эсрэг эмийн үнэ, иргэдийн худалдан авалт хэр байгааг тодрууллаа.

"Санитас", нэг удаагийн бээлий, маск, ариутгалын бодис, бүрэн хамгаалалтын хувцасны эрэлт буурчээ. Харин эм бэлдмэлийн хувьд "Салимон", "Виферон" лаа, витамин С, витамин D3, цайр зэрэг дархлаа дэмжих бэлдмэлүүдийг иргэд түлхүү авч байгааг эмийн санчид хэлж байлаа. Эмийн сангаар ороод гарах зуурт уламжлалтын тан асуусан хүмүүс цөөнгүй орж ирэв. Гэвч тус салбарт "Арбидол" болон Мана 4, Норов 7 тангууд дуусч, зарим эмийн хомсдол үүссэн талаар “Монос” эмийн сангийн салбарын эрхлэгч Б.Гэрэл хэлж байлаа. Тэрбээр “Өндөр тунтай "Виферон" лаа дууссан. Уламжлалтын тангуудыг ханган нийлүүлдэг үйлдвэр ачаалал ихтэй байх шиг байна. Өнөөдөр захиалга өгөхөд 30 орчим байгууллага захиалга өгсөн учраас 3-4 хоногийн дараа нийлүүлнэ гэсэн хариу өгсөн. Вирусийн эсрэг эмүүдийн өндөр тунтайг л жороор олгодог. Хил гааль хаасантай холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр зарим нэр төрлийн эмүүдэд хомсдол үүссэн. Харин дөрөвдүгээр сарын сүүлээр нийлүүлэлт хийгдэхэд эмийн ширхэгийн үнэд 400-500 төгрөгийн өөрчлөлт орсон. Хүмүүсийн худалдан авалтын дунджид судалгаа хийж үзэхэд өссөн үзүүлэлт харагдсан. Өмнө нь нэг хүний худалдан авалтын дүн дунджаар 15 мянган төгрөг байсан бол 25 мянга болж өссөн. Энэ нь халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэд урьдчилан сэргийлж, эмээ нөөцөлж авч буйтай холбоотой болов уу” гэсэн юм.

Түүнчлэн үйлчлүүлж буй 10 хүний 7 нь Covid-19-өөс урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл худалдан авч байгааг хэлж байлаа. Мөн халдвартай нэг хүн 10-14 хоногийн хугацаанд хэрэглэх эм, тан, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 100-200 мянга орчим төгрөгөөр худалдан авч буйг хэлсэн юм.

ЭМЭЭ ЦӨӨН ХОНОГ УУХААР  ХУДАЛДАН АВЧ БУЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА

"Монгол эм импекс концерн” ХХК-ийн жор баригч Б.Цэрэнтогтох “Covid-19-ийн эмчилгээний болон урьдчилан сэргийлэх эм бэлдмэлүүдийг нэг дор худалдан авах чадамжтай хүмүүс тийм ч их биш. Харин эмээ цөөн хоног уухаар худалдан авч байгаа хүмүүс их байна. Хүмүүс ихэнхдээ урьдчилан сэргийлэх зорилгоор эм худалдан авч байна. Уламжлалт тангууд бага зэргийн хомсдолтой байгаа. Вирусийн эсрэг эмүүдийн үнэд өөрчлөлт ороогүй. Цаашид халдварын нөхцөл байдал хүндэрвэл вирусийн эсрэг эм хомсдож магадгүй гэж бодож байна” гэлээ.

Иргэд Covid-19-ийн эм бэлдмэлийн олдоц муу, эмийн сангуудын худалдаалж буй эмийн үнэ ялгаатай, харилцан адилгүй байгааг хэлж байсан юм. Ингэхдээ Covid-19-ийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийн үнэ ханшийг бүх эмийн санд ижил төвшинд тогтоох тал дээр анхаарах хэрэгтэйг онцолж байв.

Б.МӨНХЖАРГАЛ: ОЙРЫН ХАВЬТЛУУДАД Ч ДАРХЛАА ДЭМЖИХ ЭМ, БЭЛДМЭЛҮҮДИЙГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ

-Саяхан манай танил ойрын хавьтал болчихоод байхад өрхийн эмнэлэг нь "Шинж тэмдэг илрээгүй бол үзэхгүй" гээд тоогоогүй гэсэн. Тийм болохоор гэрээр өөрийгөө тусгаарлаад, эм тангаа авч хэрэглэж байгаа юм билээ. Вирусийн эсрэг зарим эм, витамин С олдоц муутай байгаа шүү дээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор нэг л хүнд эм авахад 40-50 мянган төгрөг зарцуулж байна. Цар тахлын энэ үед эмийн сангуудад зарагдаж буй эмчилгээ, урьдчилан сэргийлэх эмүүдийн үнийг тогтвортой болгох хэрэгтэй байна. Ойрын хавьтал болсон бол эм, дархлаа дэмжих бүтээгдэхүүн сайн хэрэглэ гэдэг. Гэтэл эм авахаар гэрээс гарах нь өөрөө эрсдэл дагуулна шүү дээ. Тийм учраас Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан ойрын хавьтлуудад ч эм бэлдмэлийг тараах хэрэгтэй байх.

Г.ЭРДЭНЭЧИМЭГ: ХАЛДВАР ГАРСНААС ХОЙШ ВИТАМИН С, Д-Г ТОГТМОЛ ХЭРЭГЛЭХ БОЛСОН

-Витамин С, Д-г тогтмол хэрэглэж байна. Үргэлж эмийн сан ороод байдаггүй. Витамин болон дархлаа дэмжих эм бэлдмэлүүд дууссан үед л эмийн сан руу зүглэдэг дээ. Ер нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ их авч байна. Шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх хэрэгтэй байгаа юм. Вирусийн эсрэг эмийн үнэ эмийн сан бүрт харилцан адилгүй байдаг. Бид халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дархлаа дэмжих эм бэлдмэлийг хэлсэн үнээр нь л авдаг шүү дээ. Эмийн нийлүүлэлт, нөөц тал дээр ЭМЯ, УОК цаашид илүү хариуцлагатай хандах болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж