Монгол Улс зургадугаар сарын 1-нд агаарын хилээ албан ёсоор нээж, нислэгийн хуваарийн дагуу иргэдэд онцгой нөхцөл байдалд үйлчилж байгаа. Вакцинд хамрагдсан иргэд хилээр журмын дагуу зорчиж байна. Хил нээснээр эдийн засаг сэргэх боломжтой ч халдварын тархалт хоногт 2000 давж нэмэгдсээр байвал улсаараа дахиад хил, хөл хориулж магадгүй хүнд нөхцөл үүссэн.
Өнгөрсөн хоёр жил аялал жуулчлалын салбарынхан ашиг орлого, ажил төрөлгүй нам суусан. Covid-19-ийн дараа хамгийн хурдан сэргэх боломжтой салбарын нэг аялал, жуулчлал гэнэ.
Цар тахлын хугацаанд хязгаарлалтад байсан иргэдийн агаар салхинд гарч амрах, зугаалах хүсэл, сонирхол нэмэгддэг аж. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулж, дотоодын аялал жуулчлалыг илүүтэй дэмжихээр төлөвлөжээ.
Цар тахлын улмаас дэлхийн 110 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаагаад байгаа билээ. Хил нээх нь зөвхөн Монголоос хамаарах асуудал биш учраас цаашид дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийсний үр дүнд бусад орнуудтай агаарын хилээ бүрэн нээх боломж бүрдэх юм. Харин дотоодод бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэх бүрт дэлхийн бусад улс орны хувьд Монгол Улсаас зорин очих иргэдийг хүлээж авахгүй байх эрсдэл бий болсон.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 2020 ОНД 65,8 ХУВЬ БУУРСАН
Засгийн газраас тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг нэрлэсэн. Гэсэн ч Covid-19-ийн тархалтаас хамаарч аялал жуулчлалын салбар 14-20 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88700 ажлын байранд ажиллагсдын 95 хувь нь цалин орлогогүй болжээ. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ийн 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч өнгөрсөн онд орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлаас болж хамгийн их хохирол амссан салбар нь аялал жуулчлал болсон.
Энэ жил тус салбарынхан шархаа нөхөхгүй ч дасан зохицож ажиллана гэцгээж байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг хүлээж авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор “Аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудаар батлуулан, гадаадын жуулчдыг хүлээж авах зорилгоор эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Тус түр журамд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх, сүүлийн тунгаас хойш 14 ба түүнээс дээш хоносон жуулчдыг хүлээж авах зэргийг тусгажээ.
Гадаадын улс орноос Монгол Улсыг зорин ирж буй жуулчдыг тусгаарлалтад оруулахгүйгээр тур операторын тусгайлсан аяллаар авч явахаар төлөвлөсөн байна. Цаашлаад вакумжуулсан аялал бий болгож, зохион байгуулах боломжтой эсэхийг судалж байгаа аж.
Хэрэв иргэд дархлаажуулалтын бүрэн тунд нийтээр хамрагдаж, халдварын голомтуудыг хумьж чадвал долдугаар сард аялал жуулчлал сэргэх итгэл байсан. Хэдийгээр дархлаажуулалтыг эрчимжүүлсэн ч зайлшгүй хамрагдах ёстой иргэд бүгд вакцинаа хийлгэхгүй байгаа юм. Үүнээс гадна иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан ч хоногт бүртгэгдэх халдварын тоогоор дэлхийд тэргүүн эгнээнд жагсан, “Улаан бүс” рүү шилжих гэж байна.
Монгол Улсад одоогийн байдлаар 16 аймгийн 73 сум халдварын эрсдэл өндөрт тооцогдож, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Долоо хоногийн дараа энэ тоо хэд ч болж өсөх боломжтой. Гэхдээ хоёр жил орчим хугацаанд царцсан салбарт энэ нь тийм ч их саад болохгүйг мэргэжилтнүүд хэлж байна.
ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ШАРХАА НӨХӨЖ ЧАДАХГҮЙ
Хил нэгдвэл Монголд 40 мянган жуулчин аялах статистикийн талаар салбарынхан ярьж байсан. Цаашдаа 2022 онд 500 мянга, 2023 онд 800 мянга, 2024 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ цар тахлаас бүх зүйл шалтгаална.
Аюулгүй аяллын шошго авч, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж үйлчлэх олон улсын шаардлага хангасан байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тус салбарт 1600 орчим үйлчилгээний байгууллага, тур оператаор, жуулчны бааз, зочид буудал зэрэг шаардлага хангасан буюу хүсэлт гаргаж шошгоо авсан нэгжүүд жуулчдад үйлчлэх юм байна.
Дотоодын аялагчдыг дэмжих үүднээс БОАЖЯ-наас “Хямд амар” аян зохион байгуулжээ. Улмаар аялахыг хүссэн иргэдэд урьдчилсан захиалгыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр өгөх боломж олгож, эдийн засгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.
МОНГОЛ УЛС ЖУУЛЧИД ХҮЛЭЭЖ АВАХ Ч МОНГОЛ ИРГЭДИЙГ ГАДНЫНХАН УГТАЖ АВАХГҮЙ
Жуулчдын хамгийн ихээр сонирхон, зорин ирдэг үндэсний их баяр наадам өнгөрсөн жил болоогүй. Энэ жил ч цар тахлаас болж наадам хойшлогдож болзошгүй байгаа. Иргэдийн зүгээс наадмыг хойшуулах санал хүсэлт ихээр гаргах болсон. УОК-ын дарга С.Амарсайхан ч нөхцөл байдлаас болж наадмыг хийхгүй байж ч болно, хийсэн ч болно гэх ойлгомжгүй тайлбар хэлсэн билээ.
Аялал жуучлал ахиад хөл хорионд орох эсэхийг цар тахлыг тархалт шийднэ.
Холбоотой мэдээ