ҮАГ: Шаардлага хангаагүй 334 төсөл хэрэгжүүлэхээр баталсан

Хуучирсан мэдээ: 2021.06.15-нд нийтлэгдсэн

ҮАГ: Шаардлага хангаагүй 334 төсөл хэрэгжүүлэхээр баталсан

ҮАГ: Шаардлага хангаагүй 334 төсөл хэрэгжүүлэхээр баталсан

Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд шалгалт хийжээ. Улмаар дараах бүлэг дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс долоон төсвийн ерөнхийлөн захирагчийн 90.0 тэрбум төгрөгийн санхүүжих  дүнтэй 10 төсөл, хөтөлбөрийг орхигдуулжээ. Уг хөтөлбөрт батлагдаагүй техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй 30.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй есөн төсөл, арга хэмжээг баталсан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тогтолцоонд байгууллагуудын уялдаа холбоо сул байгааг харуулж байна.

УИХ-ын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д улсын төсвийн хөрөнгө оруулалт болон холимог эх үүсвэрээс эдийн засгийн ангиллаар 29 зорилт, арга хэмжээг 1.313.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 433.6 тэрбум төгрөгөөр санхүүжих дүнтэй найман зорилт, арга хэмжээг батлаагүй нь хөгжлийн бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх  эрсдэлтэй байна.

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар салбарын түвшинд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, үр ашгаар нь эрэмбэлээгүй. Улмаар  Засгийн газраас баталсан 2020 оны хөрөнгийн зардлын төсвийн хязгаараас 4.4 дахин давсан дүнтэй хөрөнгө оруулалтын төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлсэн нь салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох үйл ажиллагаа дутуу хийгдэж байгааг харуулж байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй 39.6хувь буюу 334 төсөл, арга хэмжээг тусгаснаас эдгээр төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах,  хуулийн хэрэгжилт хангагдахгүй болох нөхцөлийг бүрдүүлсээр байна.

  • Нормативт хэмжээгээр ерөнхий боловсролын сургуулийн барилгын хэрэгцээ, шаардлагагүй есөн суманд сургуулийн барилгыг төлөвлөсөн нь барилгын ашиглалтгүй талбай бий болгож, төсвийн хөрөнгийг байрны халаалт, урсгал зардалд үр ашиггүй зарцуулахаар байна.

Төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаанд уялдуулж санхүүжилтийг төлөвлөөгүй, төрийн өмчид бүртгэгдэхгүй төсөл, арга хэмжээг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг зөрчил хэвээр байна.  

  • Сангийн яам улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 78.4 хувь буюу 1.043.2 тэрбум төгрөгийг бодит ажлын гүйцэтгэлээр, Засгийн газрын 2020 оны 253 дугаар тогтоолын дагуу 3.8 хувь буюу 50.4 тэрбум төгрөгийг 10 Төсвийн  ерөнхийлөн захирагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулах замаар олгосон байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны зарцуулагдаагүй хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үлдэгдэл 237.3 тэрбум төгрөгийг төсөвт татан төвлөрүүлснээс 86.9 хувь нь ажлын гүйцэтгэл гараагүй болон гэрээ байгуулаагүйгээс шалтгаалсан нь төсвийн хөрөнгө  оруулалтын үр  ашгийг бууруулсан байна.

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлагдсан зарим төсөл, арга хэмжээний үе шатны ажлын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолоор захиалагч байгууллагын барьцаа хөрөнгийн дансанд он дамжуулан байршуулахаар шийдвэрлэсэн нь данс, бүртгэлийн тогтолцоо алдагдах эрсдэлийг үүсгэж байна.

Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлээр нийт 353.7 тэрбум  төгрөгийн 385 зөрчил илэрсэн нь  хууль тогтоомжийн хэрэгжилт болон хяналт, хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байна.

  • Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний 11.2 хувь буюу 151 төсөл, арга  хэмжээ хэрэгжээгүй, 15.2 хувь буюу 205  төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу байгаа нь төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж, захиалагч болон гүйцэтгэгчийн үйлажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна.

ДЭЭРХ ДҮГНЭЛТҮҮДИЙГ ДЭЛГЭРҮҮЛЖ АВЧ ҮЗВЭЛ:

Монгол Улсын 2020 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад 5.307.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1439 төсөл, арга хэмжээнд 2.152.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор батлагджээ.

Гэвч Covid-19-ийн улмаас УИХ-аас 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр уг хуульд өөрчлөлт оруулж, 5.175.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1356 төсөл, арга хэмжээнд 1.654.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байна.

Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтыг “Соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх”, “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх", “Гаалийн шинэчлэл төслийг хэрэгжүүлэх”, “Сумын  төвийн шинэчлэл  төсөл”, “Боловсролын  хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойр байлгах, эмнэлгийн  орчин нөхцөлийг сайжруулах” бодлогын зорилтуудыг хангахад голлон чиглүүлжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд улсын хэмжээнд 10800 суудалтай 30 сургууль, 8515 ортой 64 цэцэрлэг, 2145 ортой 22 дотуур байр, 645 ортой 22 эмнэлэг, 155.9 км автозам, 659.6у/м гүүрийн байгууламж, 326.1км ЦДАШ, 4240 суудалтай 17 соёлын төв тус тус ашиглалтад орсон байна. 

Улсын төсвийн  хөрөнгө  оруулалтын  санхүүжилтийн  дүнг салбараар нь авч үзвэл, нийгмийн салбарт 47.5 хувь буюу 631.3 тэрбум, дэд бүтцийн салбарт 31.6хувь буюу 420.8 тэрбум, бусад салбарт 20.9 хувь буюу 278.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр хуваарилжээ.

433.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖИХ ДҮНТЭЙ НАЙМАН ЗОРИЛТ БАТЛАГДААГҮЙ

Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.2.2-т заасны дагуу “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хавсралтаар Улсын Их Хурал батлах, мөн Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 28 дугаар  зүйлийн  28.1-д зааснаар Засгийн газар батлах зохицуулалттай байгаа нь хууль хоорондын зөрчлийг үүсгэж, улсын хөрөнгө  оруулалтын төлөвлөлтөд тодорхойгүй байдал үүсгэхээр байна.

Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн, нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц,  хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хамруулна” гэж заасан. Мөн хуульд Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний саналд эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын судалгаа хийж, үр дүнтэй болох нь тогтоогдсон тохиолдолд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, Засгийн газраар батлуулахаар байна.

Гэвч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт батлагдаагүй, техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй 30.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй есөн төсөл, арга хэмжээг  баталсан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тогтолцоог гажуудуулсан. Үүнд:

УИХ-ын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д улсын төсвийн хөрөнгө оруулалт болон холимог эх үүсвэрээс эдийн засгийн ангиллаар 29 зорилт, арга хэмжээг 1.313.0 тэрбум  төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 433.6 тэрбум төгрөгөөр санхүүжих дүнтэй найман зорилт, арга хэмжээ батлагдаагүй.

Энэ нь Монгол Улсын дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого хоорондын уялдаа бүрэн  хангагдахгүй байгаа нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт хэрэгжихгүй байх эрсдэл дагуулж байна.

ТӨСӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 334 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БАТАЛЖЭЭ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар хавсралтаар 23 ТЕЗ-ийн төсвийн багцад батлагдсан 1347 төсөл, арга хэмжээнээс Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу техник, эдийн засгийн  үндэслэл хийгдсэн, зураг төсвийг батлуулсан байх шаардлагатай шинээр хэрэгжүүлэх 405 төсөл, арга хэмжээ байна. Үүнээс 17.5 хувь буюу 71 төсөл, арга хэмжээг хуульд тусгахдаа төсөвлөлтийн шаардлагыг хангасан, 66.4 хувь буюу  269 төсөл, арга хэмжээг хуульд хэрэгжилтийг тусгасныдараа зураг төсвийг батлуулсан, 16.1 хувь буюу 65 төсөл, арга хэмжээний зураг төсвийг 2021оны эхний хагас жилийн байдлаар батлаагүй. 

 ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт стандарт, нормативт суурилсан эсэхийг ерөнхий боловсролын сургуулийн төлөвлөлтөөр жишээ болгон авч үзэхэд дараах байдалтай байна. Монгол Улсын сум, дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль:

  • Барилгын хүчин чадал нормативт хэмжээнээс 159 сум, 4 дүүрэгт хэтэрсэн,
  • Барилгын хүчин чадал нормативт хэмжээнээс 24 сум, 5 дүүрэгт доогуур,
  • Барилгын хүчин чадал нормативт хэмжээтэй 148 суманд ойролцоо түвшинд байна.

Дээрх зураглалаас үзэхэд, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэг болон нэр бүхий 24 суманд цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөх ерөнхий боловсролын сургуулийн барилгын хэрэгцээ, шаардлага бий.

Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нормативт хэмжээгээр ерөнхий боловсролын  сургуулийн барилгын хэрэгцээ, шаардлагагүй есөн суманд сургуулийн барилга төлөвлөсөн. Төсөл, арга  хэмжээний хэрэгжих хугацаатай уялдуулж санхүүжилтийг төлөвлөөгүй, мөн төрийн өмчид бүртгэгдэхгүй төсөл, арга хэмжээг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг зөрчил хэвээр байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд өмнөх оноос үргэлжлэх төсөл, арга хэмжээнд хангалттай хөрөнгө төсөвлөөгүйгээс дуусаагүй, орхигдсон барилга нэмэгдэх эрсдэлтэй. Өмнөх онуудад эхлүүлж, он дамжин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан 64.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 33 төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгахгүйгээр орхигдуулсан. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж, дуусаагүй орхигдсон барилга нэмэгдэх үр дагавартай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж