ЕАШТ, ДАШТ-д сайн тоглосон залуус тэмцээний дараагаар олны анхааралд өртөж Европын топ багууд руу явах тохиолдол их байдаг. Бид та бүхэнд Европын топ 5 лигт тоглодоггүй ч энэ тэмцээнээр гялалзаж магадгүй таван залууг танилцуулж байна.
Бруно Петкович
Гурван жилийн өмнөх ДАШТ-ийн дэд байрын эзэд Хорватын шигшээ багт хэд хэдэн өөрчлөлт орсон үүний нэг нь мэдээж хэрэг довтлогч Марио Манжукич зодог тайлсан явдал байсан. Тэгвэл түүнийг орлуулахаар шигшээ багт дуудсан тамирчин бол Динамо Загреб клубын залуу Бруно Пэткович юм. 1994 онд төрсөн довтлогч нэлээн хожим буюу 2019 онд шигшээ багтаа дуудагдан шигшээ багийн төлөөх эхний найман тоглолтдоо 5 гоол оруулсан гэсэн чамлахааргүй амжилтыг үзүүлж байсан юм. Өдгөө 27 настай тэрбээр ид үе дээрээ байгаа гэж хэлж болно. Петкович хэрэв энэ тэмцээнд сайн тоглолт үзүүлж чадвал Европын дундаж зэрэглэлийн баг руу зарагдах магадлалтай байгаа юм.
Александр Соболев
Спартак Москва клубын довтлогч Соболевт шигшээ баг нь зүгээр ч нэг 9 дугаарыг өгөөгүй. Хэдий ОХУ-ын шигшээн №1 довтлогчоор Артем Дзюба нэрлэгдэж байгаа ч дасгалжуулагч Станислав Черчесов хоёр довтлогчтой хувилбар сонговол Александр Соболев гараанд гарах нь ойлгомжтой. Соболевын хувьд 1997 онд төрсөн бөгөөд өнгөрсөн улиралд ОХУ-ын дээд лигт 15 гоол оруулсан юм. Харин шигшээ багийнхаа төлөө зургаан тоглолт хийхдээ гурван гоол оруулсан нь түүнийг муугүй довтлогч гэдгийг илтгэнэ. ОХУ-ын залуус том тэмцээний дараа гадны томоохон багт тоглох тохиолдол элбэг байдаг ба үүнд Андрей Аршавин, Юрий Жирков, Александр Головин нарыг нэрлэж болно. 1.95м өндөртэй “аварга” довтлогч ЕВРО 2020-д сайн тогловол Европын топ лигүүдрүү явахыг үгүйсгэхгүй.
Йонас Винд
Данийн шигшээ багийн довтолгооны нэрүүдийг харвал ямар ч баг сүрдэнэ. Тэдэнд Барселонагийн Мартин Брейтуэйт, РБ Лейпзигийн Юсүф Полсон нар байна. Энэ хоёртой зэрэгцэн үзүүрийн довтлогчоор Копенгаген клубын залуу Йонас Винд гараанд гарч байгаа юм. Винд өдгөө дөнгөж 22 настай ч Копенгаген клубын төлөө аль хэдий 30 гоол оруулаад байгаа юм. Вест Хэм клуб түүнийг нэг хэсэг эрчимтэй сонирхож байсан ч хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Угарчан Чакир
Туркийн шигшээ баг энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг. Энэ ч утгаараа тэднээс онцлох тоглогч олон байгаа. Гэхдээ энэ дундаас хаалгач Угарчан Чакирыг онцгойлох хэрэгтэй . Хавирган сарнууд ЕАШТ-ийн урьдчилсан шатанд ердөө гуравхан гоол хаалгандаа алдсан нь Чакирын сайн тоглолттой салшгүй холбоотой. Түүнийг аль хэдийн Прьемьер лигийн акулууд болох Ливерпүүл, Тоттенхэм, Лейстэр Сити зэрэг багууд сонирхоод эхлэсэн юм. Энэ тэмцээнд Турк хэсгээсээ гарван Чакир топ багруу явах нь ойлгомжтой юм.