Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын алба хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэхээр ирсэнд талархал илэрхийлье” гэлээ.
Тэрбээр Нийслэлийн Онцгой байдлын газар нь Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Захиргааны удирдлагын хэлтэс, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Санхүү Эдийн засгийн хэлтэс, Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ эрсдлийн удирдлагын хэлтэс, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, түүний харьяа Гал унтраах, аврах 15 ангитай, 15 хэлтэс, нийт 17 бүтцийн нэгжид офицер, ахлагч зэрэг 900 гаруй албан хаагчтайгаар нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Хотын дарга Д.Сумъяабазар “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ төлөө өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин ажиллаж буй энэ цагийн эрэлхэг баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөл, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд миний бие бүх талаар дэмжиж ажиллах болно” гэлээ.
Мөн тэрбээр “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар дурдаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй гэлээ.
Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Мөн Улаанбаатар хот биеэ даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж.
Хотын дарга Д.Сумъяабазар “Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй" гэв.
Цаашид хууль эрх зүй, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Хот биеэ даасан эдийн засагтай болвол та бүхэнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийднэ гэлээ. Мөн тэрбээр Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт гаргах, судлах үүргийг өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС