Ц.Нямдорж чимээгүй болох тусмаа аюултай!

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж чимээгүй болох тусмаа аюултай!

Ц.Нямдорж чимээгүй болох тусмаа аюултай!

Улсын дээд шүүхийн шийдвэрээр  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гараад яг нэг сар болж байна. Тэр өдрөөс буюу, тавдугаар сарын 14-нөөс хойш ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сураггүй болов. Энэ нь Монголын төрд эз үү, аз уу, бүү мэд. Ямар ч байсан “айдгаа авдартаа хийсэн” хүн шиг  алга болсон байна.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал болсны орой С.Зоригийн хэргийн материалыг төрийн нууцаас гаргаснаа жиргэж суусан Х.Нямбаатар бас таг чиг. Нууцаас гарсан материалтай нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёроос өөр танилцсан хүн байгаа ч юм уу даа, байр байдлаас харвал шүү дээ.

Харин түүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж өгөхийг Б.Хурцын эхнэр Ү.Сарнай бууж яваа Ерөнхийлөгчөөс хүссэн байна лээ. Монголын төрд байтугай, урлагийн салбарт Ц.Нямдорж шиг агуу жүжигчин, агуу найруулагч алга. Сүүлчийн ганц цамцаа урагдтал жүжиг үзүүлсэн Ц.Нямдоржийн авъяасыг нь үнэлэж, цар тахлын гамшгийг мартаж, хуруугаа цоортол өдөр өнжихгүй одон медаль гардуулж яваа Ерөнхийлөгч Х.Баттулга Ардын жүжигчин цол олгосон ч яах вэ дээ. Хүсвэл тэтгэврийн ядруухан өвгөний дүрд хувирна. Эс бөгөөс замын ус туучин давхих задарсан танхай дарга болж тоглоно.

Ү.Сарнай олон нийтийн сүлжээнд “Ерөөсөө энэ С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо. Х.Нямбаатар сайдад хэлэхэд, Ц.Нямдорж ах чинь тээр жил “Газрын ойр, гарзын бага дээр…” гэж байгаад нэг их сандарч захидал бичиж байсан. Яагаа вэ, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллахад айхтар сандраагүй юу. Тэгээд манай хүнд хонзогнож, Ж.Баатар генералаас өс хонзонгоо авсан шиг улс төрийг дахин хийлээ” гэжээ.

Ц.Нямдоржтой дайсагнасан болгон шоронд ордог нь бичигдээгүй хуультай. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн яалаа, генерал Ж.Баатар яалаа. Бас Б.Хурц, Г.Эрдэнэбат нар яав. Н.Номтойбаяр юу боллоо.  

Хувийн эрх ашгийг нь хөндсөн болгонтой тэр төрийн өмнөөс тооцоо хийдэг. Тэглээ гээд түүний энтертайментыг нь буруутгаж, Төрийн ордноос хөөж чадах хүн МАН-д алга. Эргээд төрхөмдөө ирсэн Н.Энхбаяр  түүнээс баривчлах үед нь зурагтаа үзээгүйн төлөө өс авч магадгүй юм. Авчиг Н.Энхбаяр ч, Ц.Нямдорж хоёр адилхан агуу жүжигчид. Ардын намын байранд У.Хүрэлсүхийн ялалтыг тэмдэглээд хундага тулгаад сууж байгаа ч юм бил үү, Монголын улс төрд үүрдийн дайсан нөхөр гэж үгүй.

Энэ хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд хаагуур, юу хийж явааг Х.Нямбаатарын цагдаа нар мэддэггүй ээ. Хэргийн захиалагчид нь илрээгүй тул сэжигтнүүдийн амь насыг  Монголын төр хамгаалах үүрэгтэй.

Улсын дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ахиад эхнээс нь мөрдөн шалга гэсэн болохоос алуурчин биш гээгүй. Тэгэхээр сэжигтнүүдийг батлан даалтад байх зуур хэргийн гэрчүүдийг ч мөн адил хамгаалалтад авах хэрэгтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн алуурчид болоод захиалагчдаас хамгаалах ёстой. Г.Эрдэнэбат прокурор хоригдохын өмнөхөн хэрэгт холбоотой материалууд алга болох вий гэж анхааруулсан, сануулсан.

Тоглож байгаа хүүхэд гэнэт чимээгүй болчихвол, ямар нэгэн хэрэг тарьчихсан байдаг. Тэрэн шиг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн төлөө хөлөө эцтэл, хоолойгоо сөөтөл гүйсэн Ц.Нямдорж чимээгүй болсон нь айдас хүйдэс. Ерөнхийлөгчийн сонгууль, цар тахлын гамшиг, энэ их одон медалийн угаалт, наадам зугаалга гээд олон нийтийн анхаарлыг сарниулж байгаад ар хударгаар нь юу хийж, төлөвлөж яваа бол доо. Агуу найруулагч, агуу энтертайментчин шүү дээ, базарваань. Нийтлэлч Б.Баабар нэгэнтээ “Манай үеийнхэн үхэж дуусаж байж улс төр цэвэршинэ” гэсэн шиг Ц.Нямдорж Монголын улс төрөөс зайлсан цагт  С.Зоригийн хэрэг үнэн зөвөөр тогтоогдоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
173
ТэнэглэлТэнэглэл
41
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж