Виртуал хөрөнгийн тухай хууль нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь | News.MN

Виртуал хөрөнгийн тухай хууль нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь

Виртуал хөрөнгийн тухай хууль нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь

Виртуал хөрөнгийн тухай хууль нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь

УИХ-аар ойрын хугацаанд хэлэлцэхээр зэхэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүний нэг нь Виртуал хөрөнгийн тухай хууль. Хуулийн төсөл хэдий бэлэн болсон ч салбарын оролцогчид харилцан адилгүй байр сууриа өдгөө илэрхийлэх болов. Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж, стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Төсөл санал авах, УИХ-д бэлтгэх хугацаанд “зүс”-ээ ихээхэн хувиргаж, танигдахгүй болсон гэх. Өөрөөр хэлбэл, хөгжил авчрах бус харин ирж буй цагийн хөгжлийг боомилох хэмжээний зүйл, заалт нэмэгдсэн, төрийн хүнд суртлыг улам гүн хавчуулсан, нэг даргаас хамаарах, үзэмжээр шийдэх хэмжээнд төслийг агуулга өөрчлөгдсөн аж. Хуулийн төслийн анхны хувилбар олон хүний талархал, дэмжлэг авсан ч эцсийн мөчид салбараа зохицуулах бус шинэ тутам хөгжиж буй салбараа “самрах” хэмжээний аюул тарьж мэдэхээр байна.

Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Хууль эрх зүйн орчинтой болох нь зөв. Үүнийг дор бүрнээ дэмжих ёстой. Гэхдээ урьдын алдаагаа бид дахин давтаж болохгүй. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо мөн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгө юм.

Технологийн дэвшлүүд ар араасаа гарч, хурдацтай хөгжин зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь олширч буй. Санхүүгийн инноваци ухаалаг болж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлж байна. Үүнийг дагаад санхүүгийн хүртээмж тэлж буй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь мөнгө угаах эсвэл бусдыг залилах, хохиролд унагаж болзошгүй эрсдэл авчирч байгаа. Үүнийг ч мөн дээрх хуулиар зохицуулах байгаа. Зохицуулах ч учиртай. Гэвч одоогийн яваа хуулийн төслөөр бол нуухыг нь авах гээд нүдийг сохолж мэдэх нь. Технологийн дэвшлийн үр дүнд виртуал хөрөнгө зах зээлд мэндэлж, хүмүүсийн хэрэглээ болж байна. Цар тахлын дараах эдийн засаг, бизнесийн орчинд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ улам төрөлжиж, ялгарах болов.

Виртуал хөрөнгө гэж юу вэ? Шинэ технологийн үндсэн дээр үүссэн зарим хүнд “ид шид” мэт санагдах энэхүү ҮНЭ ЦЭНЭ цаашид ч бидний нэг хэсэг болж, уламжлалт ойлголтыг эвдэж, эдийн засаг, санхүүгийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэхээр байна. Дэлхийн улс орнууд ч үүнийг хүлээн зөвшөөрч, хөгжүүлж байна. Хожиж байна.

Монгол Улсад 2019 оны байдлаар ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 2.4 сая, Facebook хэрэглэгчид 2.2 сая, интернэт хэрэглэгчид 2.9 сая байжээ. Хоёр жилийн өмнөх уг үзүүлэлт гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт. Эндээс харахад, цахим шилжилт биеллээ олоход ойрхон байна. Үүний үндэс суурь нь хэдийнэ бүрджээ. Бүхий л салбарт цахим шилжилт хүч түрэн орж ирж, үүнд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд хүчтэй яригдаж байна.

Технологийн дэвшил бидний амьдралыг олон талаар хөнгөвчилж байна. Хувийн хэвшлүүд ч өөрсдийн үйлчилгээгээ  цахимжуулахад тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, технологийн дэд бүтцийг өнгөрсөн жилүүдэд хөгжүүлж ирлээ. Дижитал шилжилт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна урьдын уламжлалт ойлголтыг ч өөрчилж буй. Харамсалтай нь аж үйлдвэрийн IV хувьсгалын энэхүү ололт, дэвшилд төрийн байгууллагын хүнд суртал, дүрэм, журмаар боомилох ужгирсан хандлага хамгийн их саад тотгор болж, цахим шилжилтийн түүчээлэгчдийг мохоож эхэллээ. Вирутал хөрөнгийн тухай хуулийн төсөлд ч өнөө төр бүхнийг мэднэ гэсэн үзэл суртал шингэж.

Төрийн байгууллагын иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулж, төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүний тэргүүлж байгаа Засгийн газар өмнөх Засгийн газруудтай харьцуулахад цахим шилжилтийн талаар хамгийн бодитой, үр дүнтэй, бүтээлч ажиллах юм байна гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байгаа. Гэвч цахим технологийн үр дүнд төрөн гарч байгаа Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслөөр дамжуулан зорилгоо үгүйсгэх вий.

Цахим үндэстэн болох санаачилгыг хувийн хэвшил манлайлж, үлгэр дуурайлал болон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийтэй хөл нийлүүлж яваа. Гэтэл төрийн дунд шатны байгууллагууд цахим шилжилтийг үгүйсгэж, уламжлалт хэв маягаар дээрх хуулийн төсөлд хандаж байгаа нь Засгийн газрын бодлоготой тэрсэлдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж