УИХ-ын чуулганы хуралдаанаа энэ долоо хоногт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүдийг жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд” тэмдэглэж байхаар зохицуулжээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндэсний ном, бичиг соёлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоно хэмээн шүүмжлээд байгаа юм.
Тиймээс энэ талаар хууль санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс тодруулахад “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үндэсний хэмжээнд Үндэсний ном, бичиг соёлын өдрүүдтэй болгох, нийтээрээ ном унших соёлыг хэвшүүлж, түгээх зорилгоор хуулийн төслийг санаачилсан. Ингэхдээ хуулийн төсөлд тусгаснаар жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүд байхаар зохицуулалт хийж байгаа. Түүнээс хүмүүсийн ойлгоод байгаа шиг бүх нийтийн амралтын өдөр болгохгүй. Харин Үндэсний ном, бичиг соёлын өдрийг амралтын өдрүүд байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа. "Багш нарын өдөр”, “Эмч нарын өдөр”, “Усны өдөр” шиг “Номын өдөр" нь ном уншихыг уриалах, хүмүүс өөрт байгаа номоо солилцох, өөрийн сонирхдог ховор нандин номоо олж унших, шинэ гарсан номын талаарх мэдээллийг олж авах, ном бүтээдэг, хэвлэдэг хэн бүхнийг уулзуулах буянтай өдөр болгохыг зорьж байгаа. Цаасан ном унших нь стресс бухимдал ихтэй өнөөгийн нийгэмд хүний тархийг амраах, ой санамж оюуныг сэргээх, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, нүдийг амраах зэрэг олон эерэг ач холбогдолтой. Монголчууд бид технологи өндөр хөгжсөн 21-р зуунд хүүхэд залуучууд, иргэдээ гар утас, компьютерийн дэлгэцээс хэсэг хором ч гэсэн хол байлгах эерэг үр дагавартай оюуны гэгээн ажил юм. Энэ сайхан гэгээн оюунлаг ажлыг улс төрийн болон өөр бусад зорилгоор мушгин гуйвуулах оролдлого хийхгүй байхыг та бүхнээс хүсье” гэсэн тайлбарыг өглөө.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:
1 дүгээр зүйл.
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дараах заалт нэмсүгэй.
5.1 дүгээр зүйлийн 5.1.17 дахь заалт:
- “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд”
Холбоотой мэдээ