Цусны донорын дэлхийн өдрийг энэ жил 18 дахь удаагаа дэлхийн 195 улсад тэмдэглэж байна. “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” уриан дор цахим хэлбэрээр хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлог юм.
Цахим арга хэмжээг нээж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр:
-Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран ажилладаг эрхэм донорууд, эмнэлгийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд цусны донорын дэлхийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 108 донор хүндэт донорын босгыг давж байна. Донор бол хүмүүнлэгийн үйлстэн билээ. Иймд эрхэм донорууд та бүхэнд талархаж байна.
Удаа дараагийн хөл хорио, вакцинтай холбоотойгоор цус өгөх донорын тоо буурсан. Тухайлбал, цус цуглуулалтын тоо 20 хувь, цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 25 хувь буурсан. Гэсэн ч Цус сэлбэлт үндэсний төв болон цусны салбар төвүүдээс зохих хариу арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлж ажиллаж байгаа учраас цусан бүтээгдэхүүний хомстолд орсон асуудал гараагүй.
Бид эрүүл мэндийн байгууллагын захиалж байгаа шаардлагатай цусан бүтээгдэхүүнээр хангаж ажиллаж байна. Иймээс зөвхөн нэг өдрийн үйл ажиллагааг биш гурван сарын хугацаанд идэвхжүүлэлтийн аяныг зохиож 16 ажлыг төлөвлөж албан ёсоор эхлүүлээд байна. Ердийн үетэй харьцуулахад долоо, наймдугаар сард эрэлт нэмэгддэг. Иргэдийн амралтын улирал учраас цусны донорын тоо ч буурдаг. Тиймээс 2021 оны зургадугаар сарын 3-наас есдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд цусны нөөцийг нэмэгдүүлэхээр идэвхжүүлэлтийн ажлыг хийхээр болсон. Бусдын амь насыг аврахаар нэгдэж ажилладаг үе үеийн донорууддаа баярлалаа.
Жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Цус сэлбэлт судлалын Үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг ханган ажилладаг бөгөөд олон улсын гурван стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн байгууллага юм. Энэ жилийн хувьд манай улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс өссөн боловч, дэлхий нийтээр цар тахал гарсантай холбоотойгоор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан энэ үед төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн ЦССҮТ-ийн ажилд ихээхэн дэмжлэг болж байгаад талархаж буйгаа онцлон илэрхийллээ. Монгол Улсынхаа цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг цусны салбарын нийт эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилтан, үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн мэндийг ЦССҮТ-ийн хамт олны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсье.
Холбоотой мэдээ