PREVIEW: Бүргэдүүдийн эсрэг Шонхорууд буюу Польш vs Словак | News.MN

PREVIEW: Бүргэдүүдийн эсрэг Шонхорууд буюу Польш vs Словак

ЕВРО-2020

PREVIEW: Бүргэдүүдийн эсрэг Шонхорууд буюу Польш vs Словак

PREVIEW: Бүргэдүүдийн эсрэг Шонхорууд буюу Польш vs Словак

Евро-2020 тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өнөөдөр/2021.06.14/ шөнө явагдана. Эхлээд Шотланд-Чехийн шигшээ багууд 21:00 цагаас Глазго хотын Хампден Паркт тоглох бол дараагийн тоглолт Санкт Петербург хотын Крестовский цэнгэлдэхэд шөнийн 00:00 цагаас Польш-Словакийн шигшээ багуудын хооронд явагдана. Харин энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт Севилья хотын Эстадио де ла Картуяад 03:00 цагаас Испани-Шведийн шигшээ багуудын хооронд явагдана.

ПОЛЬШ

Польшийн бүргэдүүд шинэ дасгалжуулагчтай болсоноос хойш таван тоглолт хийхдээ ердөө нэгт нь л ялалт байгуулсан гэсэн муу амжилттайгаар ЕАШТ-д хүрэлцэн ирээд байна. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчдын таавраар тэднийг E хэсэгт Испанийн шигшээ багийн араас хоёрдугаар байраар хэсгээсээ гарна хэмээн тааварлаж байгаа юм. Мэдээж энэ таамаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роберт Левандовскитой холбоотой. Өнгөрсөн жил Үндэстнүүдийг лигт хангалттай амжилт үзүүлж чадаагүй Польшийн шигшээ өөрсдийн ахлах дасгалжуулагч Ержи Брзенчекийг ажлаас нь чөлөөлж Португал мэргэжилтэн Пауло Соусаг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон юм. Бүргэдүүд таван жилийн өмнөх ЕАШТ-д гайхалтай байсан ч харамсалтай нь шөвгийн наймд тэмцээний аварга Португалчуудад торгуулийн цохилтоор ялагдал хүлээж байсан. Тэд энэ удаагийн тэмцээнд дахин тийм зүйлтэй учрахгүйн төлөө ирсэн нь ойлгомжтой.

Польшийн багийн чухал тоглогчид болох Арэк Милик, Кристоф Пиатэк нар бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцож чадахааргүй болсон нь Бүргэдүүдийн хувьд бас нэгэн муу мэдээ болоод байна. Харин Мэтиуш Клих, Бартош Брещенски, Давид Ковнацки, Мацы Рыбус нарын бэртэл бүрэн эдгэрсэн гэж албаныхан мэдээлээд байна. Дасгалжуулагч өнөөдрийн тоглолтод 4-2-2 гэсэн Тактикаар тоглох магадлалтай байгаа ба тоглолтын үеэр хувьсаж 3-4-3 болох боломжтой юм. Шинэ дасгалжуулагчийн хийгээд байгаа гол өөрчлөлтүүдийн нэг нь зүүн жигүүрийн хамгаалалт бөгөөд Томак Кеждориаг сэлгээрүү шилжүүлэн довтолгооны санаачилга илүү өндөр Темотеуш Пухашийг гараанд гаргах болсон. 

Словак

Словакийн шигшээ багийн хувьд 2016 онд Францад болсон ЕАШТ-д анх удаа оролцохдоо хэсгээсээ гарсан нь тэдний хувьд том амжилт. 24 багтай тэмцээнд хэсэгтээ 3-р байрт орсон баг хасагдах шатанд оролцох боломжтой учир тэд таван жилийн амжилтаа давтахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний хэсэгт Польшоос гадна Швед болон Испанийн хүчтэй багууд байгаа. Тэд хэсгээсээ гарахыг хүсвэл өнөөдрийн тоглолтоос заавал оноо зулгаах хэрэгтэй болоод байна. Тэд урьдчилсан шатны тэмцээнд Ирландын шигшээ багийг торгуулийн цохилтоор ялж ЕАШТ-д оролцох эрхээ авсан ба үүний дараагаар дасгалжуулагч Павел Хапалыг ажлаас нь чөлөөлж Стэфан Тарковичийг авсан нь Словакийн ард түмнийг гайхшруулсан. Тэд сүүлийн 13 тоглолтыхоо ердөө хоёрт нь л үндсэн цагт ялалт байгуулж ДАШТ-ийн урьдчилсан шатанд Кипр, Малта гэсэн сулхан багуудад оноо алдсан.

Шонхоруудын залуу довтлогч Давид Стрелец бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнд дуудагдаагүйгаас гадна өөр нэг довтлогч Иван Шранз Австрийн эсрэг нөхөрсөг тоглолтод бага зэргийн бэртэл авсан юм. Тарковичийн удирдлага дор Словакийн шигшээ баг 4-5-1 гэсэн тактикаар тоглож байгаа. Хаалганд Ньюкаслын Мартин Дубравка, хамгаалалтад Интерийн Мартин Шкринар нар байгаа нь тэдний эсрэг гоол оруулах ямар хэцүү вэ гэдгийг илтгэнэ. Төвийн хагас хамгаалалтад Патрик Хросовски Польшийн Пиотр Зилинскигийн тоглолтыг гаргуулахгүй барьж тоглоно гэж үзнэ. Хэрэв энэ нь тэдний бодсоны дагуу хэрэгжвэл Шонхорууд ялалт байгуулах боломжтой. Словакчууд ерөнхийдөө хамгаалж сөрөг довтолгооноос гоол оруулахыг зорих бөгөөд сөрөг довтолгоонд Ондрей Дуда болон Робэрт Мак нар гол үүргийг гүйцэтгэх юм.

Тоглолтын тухай баримтууд

  • Хоёр баг анх удаа томоохон тэмцээнд тааран тоглох гэж байна.
  • Тэд өмнө нь найман удаа тааран тоглож байсан бөгөөд ердөө нэг нь тэнцээгээр өндөрлөж байсан.
  • Польшийн шигшээ баг дөрөвдэх удаагаа дараалан ЕАШТ-д оролцож байна.
  • Роберт Левандовски шигшээ багийн хамт томоохон тэмцээнд оролцсон сүүлийн 10 тоглолтдоо ердөө нэг л гоол оруулсан.
  • Польш ЕАШТ-д 11 тоглолт хийж байсан бөгөөд нэг тоглолтод нэгээс их гоол хийж байгаагүй.
  • Словак 2016 оны ЕАШТ-д ердөө нэг л ялалт байгуулсан.

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж