Өдрийн тойм #3: Йоркшайрын Пирло, Нидерланд-Украины драма

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм #3: Йоркшайрын Пирло, Нидерланд-Украины драма

Өдрийн тойм #3: Йоркшайрын Пирло, Нидерланд-Украины драма

Европын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эн тэнцүүхэн багууд хоорондоо тулсан сонирхолтой тоглолтуудаар дүүрэн явагдаж өндөрлөлөө. Англичууд нутагтаа 2018 оны дэлхийн аваргын дэд байрын эзэд Хорватыг хүлээн авсан нь өчигдрийн оргил тоглолт байв. 

Английн шигшээ багаас гарааны бүрэлдэхүүнд баруун жигүүрийн хамгаалагч Киеран Триппэрийг зүүн жигүүрийн хамгаалалтад гаргасан нь сонирхолтой хувилбар байв. Төвийн хагас дээр бидний өмнөх нийтлэлээр дурдаж байсанчлан Дэклан Райс болон Калвин Филлипс нар гарч тоглов. Тоглолтын зохион байгуулалт, төвийн хагас хамгаалалтын бүтээлч тоглолтын ачаар Англичууд өрсөлдөгчөө илүүрхсэн бөгөөд эцсийн үр дүнд 1:0-ийн харьцаатайгар ялалт байгууллаа. 

Тоглолтын хожлын гоолыг Рахэм Стэрлинг оруулсан бол гоолын дамжуулалтыг Лийдс Юнайтэд багийн Калвин Филлипс өгсөн. Жордан Хэндэрсоны гарааны эрхийг булаагаад буй Филлипс өчигдөр өөрийгөө хангалттай нотлон харуулж, Йоркшайрын Пирло гэсэн гарчигтайгаар хэвлэлүүд онцлов. Үнэхээр л түүний тоглолт талбайн төвд Модрич, Брозович, Ковачич зэрэг супер одуудын эсрэг илт илүү байлаа. 

Калвин Филлипс "BBC"-ийн тоглолтын шилдгээр тодорсон ба 8.38 гэсэн рэйтингээр үнэлэгдсэн нь энэ Еврогийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Ийнхүү Англичууд Еврогийн нээлтийн тоглолтод анх удаа ялалт байгуулж түүхэн хожлоо бүтээсэн юм. 

Дараагийн тоглолт Австри болон Умард Македоны шигшээ багийн хооронд болсон юм. Австрийн хувьд тоглолтын фаворитоор нэрлэгдэж, талбайд гарсанаа батлан харуулж  3-1-ийн харьцаатай ялалт байгууллаа. Умард Македоныг төлөөлж талбайд 2010 онд Интерийн хамтаар гурван цомд түрүүлж байсан Горан Пандев гарч нэг гоолыг оруулсан нь онцлох үйл явдал байв. Харин Австрийн талаас Арнаутович, Лайнер, Григориш нар гоол оруулжээ. 

Өчигдрийн сүүлийн тоглолт 03:00 цагаас Нидерланд Украины багуудын хооронд явагдав. Олон жилийн дунджаар Нидерландыг тоглолтын фаворит гэж нэрлэж болох байсан ч урьдчилсан шатанд үзүүлсэн тоглолтыг нь харвал хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдөх нь ойлгомжтой байлаа. 

Ван Дик, Ван Дэ Бэк, Бэргвайн зэрэг шилдэг тоглогчид нь байхгүй Нидерландууд 52, 58 дахь минутуудад Вайналдум, Вегхорст нарын гоолоор 2-0-ээр тэргүүлж эхлүүлсэн. Улмаар тэдний талд тоглолт шийдэгдэх нь үү гэж харж байтал 70-80 минутын хооронд Украинчууд хоёр гоолыг оруулж хариу барьснаар тоглолт тэнцсэн. Гэвч 85 дахь минутад баруун жигүүрийн хагас Дамфрис гоолдсоноор нисдэг Голландууд хожлыг өөрсдийн талд шийджээ. 

Дасгалжуулагч Фрэнк Дэ Боерын хувьд Нидерландын удирдлагыг аваад ердөө 11 тоглолтыг өнгөрүүлээд байгаа. Тус тоглолтуудад 5 хожиж 4 тэнцэж 2 хожигдлыг амсаад байна. Мөн өчигдрийн хүндхэн тоглолт зэргээс Нидерландын хөгжөөн дэмжигчид түүнд сэтгэл хангалуун бус байгаа нь харагдана. 

Украины талаас хамгийн нөлөө өндөртэй тоглолтыг хашир туршлагатай тоглогч Ярмаленко үзүүлсэн бөгөөд дундаж үзүүлэлтээр бүх тоглогчдыг тэргүүлжээ. Украины хувьд форм тун сайтай байгаа бөгөөд багийн ахлагчаар Манчэстэр Ситид гялалзаж буй Олександр Зинченко тоглож байна. 

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж