Үйлчилгээний газрууд вакцины гэрчилгээг шалгахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний газрууд вакцины гэрчилгээг шалгахгүй байна

Үйлчилгээний газрууд вакцины гэрчилгээг шалгахгүй байна

УОК-оос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн ч  халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй байна. Тодруулбал, УОК-ын Шуурхай штаб, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хамтран өнгөрсөн Баасан, Бямба гаригт /2021.06.11-12/ кафе,  ресторан, лоунжид явуулсан хяналт шалгалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчиж, үйлчлүүлэгчдийн  тоо хэтрүүлсэн зөрчил илэрчээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр 40 гаруй ресторан, лоунжид дээрх зөрчил илэрсэн байна. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн эдгээр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгууль ногдуулжээ.

Тус газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамираас тодруулахад “Хяналт, шалгалтаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хүн хоорондын зай барихгүй, цаг хэтрүүлсэн халдвар хамгааллын дэглэм сахихгүй нийтлэг зөрчил илэрсэн. Холбогдох шалгалтын ажиллагааг харьяалах төвүүд явуулж, хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор ажиллаж байна. Хяналт шалгалтаар анх удаа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ, удаа дараалан зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг холбогдох газруудад хүргүүлнэ” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ аваагүй, сануулга өгч ажилласныг мэдээлэв. Тус газрын улсын ахлах байцаагч Б.Хонгор хэлэхдээ “Цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд түүвэрчилсэн хяналт шалгалт явуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн Баасан, Бямба гаригт ресторан, лоунжид шалгалт явуулсан. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж буй аж ахуйн нэгжүүд байгаа ч зөрчил гаргасан үйлчилгээний байгууллагууд Нийслэлийн Засаг даргын 380 захирамжийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд цагийн хуваарьт заасан 00:00 цагаас хэтрүүлэн ажиллаж байна. Мөн ширээ хоорондын зай мөрдөхгүй, үйл ажиллагааны 50 хувиас хэтрүүлэн үйлчлүүлэгчдийг авах зэрэг зөрчил нийтлэг байна. Түүнчлэн олон хүн нэг дор цугларахад агааржуулалт байхгүй, вакцины хоёрдугаар тунд хамрагдсан хүн ажиллуулах, гаднаас вакцины хос тунд хамрагдсан хүмүүсийг шалгаж үйлчилдэггүй зэрэг зөрчил илэрч байна. Харин бар, караоке зэрэг  хориглосон үйл ажиллагаа явуулж буй  газрууд баригдаагүй.

Хяналт шалгалтад хамрагдаагүй. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүд шаардлага удаа дараалан   биелүүлэхгүй бол торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр аж ахуйн нэгжүүд халуун хэмжих, цэвэрлэгээ явуулах зэрэг арга хэмжээ авч байгаа ч хүний бөөгнөрөл үүсгэх, цаг хэтрүүлэн ажиллах зөрчил нийтлэг илэрч байгаа аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас ирэх лхагва гаригт мэдээлэл өгөх юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-т “Гамшгаас   хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж