Жүдо бөхийн ДАШТ зургадугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотод болж өндөрлөлөө. Таван тивийн 118 орны 661 тамирчид эрэгтэй, эмэгтэй, багийн гэсэн нийт 15 төрөлд өрсөлдөж, аваргуудаа тодруулав. Энэ удаагийн дэлхийн аварга нь олимпийн өмнөх сүүлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой, олны анхаарлыг татсан.
Монгол Улсын жүдогийн шигшээ баг нийтдээ 18 тамирчны бүрэлдэхүүнтэй энэ удаагийн дэлхийн аваргад оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ М.Уранцэцэг болон эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдсөн Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 19-р байрт бичигдэв. Хоёр хүрэл медалиас гадна Монголын шигшээ баг нэг шагналт тавдугаар байр, гурван шагналт долдугаар байр эзэлсэн.
Сүүлийн өдөр буюу өчигдөр/2021.06.13/ явагдсан багийн ДАШТ-ий нэгдүгээр тойрогт Монголын баг Оросын шигшээ багтай учраа таарч 4-0 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Монголын багийг төлөөлөн барилдсан А.Адъяасүрэн, Б.Гончигсүрэн, МУГТ Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар ялагдсан юм.
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо ирэх Лхагва гаригт олимпийн чансааг эцэслэн зарлана. Энэхүү чансаанаас шалтгаалан олимпийн наадамд хэн оролцох эсэхийг шийднэ. Монголын хувьд жүдогийн төрөлд 12 эрх авна гэсэн урьдчилсан тооцоолол бий.
Токио-2020 олимпийн наадмын жүдогийн тэмцээн долдугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Ингэхээр Монголын жүдогийн шигшээ багт алдаанаасаа суралцах, амжилт ололтоо бататгах сар гаруйн хугацаа үлдлээ.
Холбоотой мэдээ