Хувьцааны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох боломжтой болов

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Хувьцааны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох боломжтой болов

Хувьцааны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох боломжтой болов

Сүүлийн жилүүдэд олон нийтэд санал болгон үнэт цаас гаргасан компаниудын тоо эрчимтэй өсч, хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хөнгөвчлөх, хялбар шуурхай болгох шаардлага үүссэн.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болох, зах зээлд оролцогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга болон “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталжээ.

Дээрх журмуудыг баталсан нь арилжаа эрхлэх байгууллага болон төрийн зохицуулагч байгууллагын хоорондох бүртгэлийн давхардал арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны үр ашиг нэмэгдэх боломжийг бүрдүүлэх зэрэг хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ үе шатанд хөтлөх бодлогын чухал алхам болсон байна.

Тухайлбал “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаатай холбоотой зарцуулагдах зардал, өртөг буурахаас гадна уг ажиллагааг олон улсын жишгийн дагуу андеррайтерын компани хариуцан зохион байгуулах, хувьцааны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, хувьцааны үнийг тогтворжуулах зохицуулалтыг бий болгожээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдээс IPO хийн, хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацааны санхүүжилт татах сонирхол нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо өсөх боломжтой болох аж.

Түүнчлэн үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал, санхүү, тайлагналын тогтолцоог сайжруулж, мэдээллийн төрлийг нарийвчлан тогтоон маягтжуулсан байна.

IPO хийх болон компанийн бонд гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, СЗХ-нд бүртгэлтэй аудит, хууль, хөрөнгийн үнэлгээний компаниудад тавигддаг шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн тэдгээрийн хараат бус байдал болон үйлчилгээний чанарыг өсгөх боломжтой болжээ.

“Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын хувьд тодорхой шаардлага хангасан бонд гаргагчийн нийтэд санал болгох бондыг хялбаршуулсан горимоор богино хугацаанд бүртгэх (ажлын 10 хоногийн дотор), шаардлагатай санхүүжилтээ нэг удаа СЗХ-нд бүртгүүлж, тухай бүр хэсэгчлэн үе шаттай үнэт цаасаа нийтэд санал болгох боломжийг олгох “Бонд гаргах хөтөлбөр” зэрэг шинэлэг зохицуулалт тусгасан байна.

Энэ нь цаг хугацаатай уралдан үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчдэд цаг хугацаа, зардал хэмнэж, хувьцаа, бонд гаргах замаар богино хугацаанд санхүүжилт хөрөнгийн зах зээлээс татах боломжийг олгох ач холбогдолтой аж.

Түүнчлэн олон улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй ногоон санхүүжилт, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох чиглэлээр дотоодын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын “Ногоон таксономи”, олон улсын холбогдох стандарт, ангилал, шалгуурт нийцсэн төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээл дээр “Ногоон бонд” гаргах боломжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж