Евро-2020 тэмцээний хүрээнд явагдсан Дани-Финландын тоглолтын үеэр Данийн шигшээ багийн гол тоглогчдын нэг Кристиан Эриксений зүрх зогсч, олон хүнийг сандаргасан. Тэгвэл өдгөө түүний биеийн байдал тогтворжиж, эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж байгаа гэнэ. Түүний талаар Данийн шигшээ багийн эмч Мортен Бойсен ярихдаа “Тэр үхчихсэн байсан. Бид цаг алдалгүй сэхээн амьдруулах эмчилгээ хийж чадсан. Бид түүнийг алдахад ямар ойрхон байсан гээч? Хэлж мэдэхгүй юм даа. Бид цаг алдалгүй зүрхний хэмнэл сайжруулах массаж хийсэн” хэмээжээ.
Биеийн байдал нь сайжирсан Кристиан Эриксен хэвлэлд ярилцлага өгөөд амжжээ. Тэрбээр “Та бүхэндээ баярлалаа, би бууж өгөхгүй ээ. Бие маань сайжирч байгаа. Гэхдээ би юу болсныг санамаар байна. Миний төлөө хийсэн бүхэнд тань та нартаа баярлалаа” хэмээн Италийн "Gazzetta dello Sport" сонинд ярьжээ.
Юуны улмаас Кристиан Эриксений зүрх зогсов гэдэг асуудал олны анхаарлын төвд байгаа бөгөөд саяхан түүний хүчин зүтгэдэг Италийн Интер Милан багаас тайлбар өгчээ. Интер Миланы захирал Жузеппе Маротта “Тэр Covid-19-ийн халдвар авч байгаагүй. Гэхдээ мөн вакцинд хамрагдаагүй. Манай багийн эмч нар түүнтэй холбогдсон” гэжээ.
Харин Эриксенг Английн Тоттенхэм Хотспур багт байхад нь зүрхний эмчээр нь ажиллаж байсан Санжай Шарма хэлэхдээ “Би дотроо ‘бурхан минь, түүний биед бидний олж мэдээгүй асуудал бий гэж үү’ л гэж бодсон. Би түүний өмнөх бүх шинжилгээний хариуг харахад бүх зүйл нь сайн байсан. Англид ирсэн өдрөөс эхлэн түүнийг жил бүр хянаж, үзлэг шинжилгээ хийх нь миний ажил байсан. Хамгийн сүүлд 2019 онд шинжилгээ хийхэд зүрхний ямар ч асуудал байгаагүй. Тэр шинжилгээг нь би хариуцан хийсэн болохоор баттай хэлж байна” гэжээ.
2012 онд Английн ФА капын тоглолтын үеэр Болтон Уондерерс багийн тоглогч Фабрис Муамбагийн зүрх зогсч, азаар түүнийг эргэн амьдруулсан билээ. Гэвч Муамба 24 настайдаа их спортоосоо зодог тайлах шийдвэр гаргасан юм. Кристиан Эриксений талаар Фабрис Муамба "BBC" агентлагт ярихдаа “Тухайн үед багийн эмч нар намайг амьдруулсан. Хүн талбай дээр унахыг холоос хараад юу болсныг нь хэлж мэдэхгүй л дээ. Эриксенг унахыг хараад айж л байлаа. Гэхдээ эмнэлгийн багийнханд талархах хэрэгтэй. Тэд Кристианыг эргэн амьдруулж чадлаа. Мөн түүний багийн хамтрагчид хэрхэн нэгдэж, түүнийг хамгаалж байгааг харах таалагдлаа. Түүний хувьд бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Тэр даваад гараад ирнэ” гэв.
Спортын эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Кристиан Эриксен дахин талбайд гарах эсэх нь эргэлзээтэй болжээ. Хамгийн сүүлд сагсан бөмбөгийн тамирчдаас Ламаркус Алдриж зүрхний хэм алдагдах өвчний улмаас зодог тайлсан билээ.
Холбоотой мэдээ