Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж, “Маш өндөр” эрсдэлтэй гарчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт халдварын эрсдэл маш өндөр гэж гарсан байна. Төвөөс алслагдсан байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хурд, хүртээмж, зардал зэргээс шалтгаалж цаашид нас баралт нэмэгдэх магадлалтай байгааг эрдэмтэн судлаачид анхааруулав. Энэ талаар УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.
–Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч халдварын тоо улам нэмэгдэж байна. Covid-19 халдвараас болж 73 суманд хөл хорио тогтоолоо. Цаашид халдвар хумигдах янз байна уу?
-Бид өмнө нь зургадугаар сарын дундуур халдварын тархалт дахин оргил үедээ хүрч хүндэрнэ гэдгийг хэлж байсан. Яг энэ байдал одоо анзаарагдаж байна. Гэвч хүлээлтээс илүү олон тооны халдвар бүртгэгдэж эхэллээ. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурахгүй байгаа нь дархлаажуулалт дуусаагүй байгаатай холбоотой.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, иргэдийн аялал зугаалга, одон тэмдгийн баяр зэрэг нь халдварын тархалтад ихээхэн нөлөөлж байгаа нь бүгдэд ойлгомжтой байна.
Түүнээс гадна, Монгол Улс бүх иргэнээ Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж байгаа юм шиг тайвшруулсан яриа сурталчилгаа их хийх юм. Тиймээс иргэдийн дунд бүрэн тунд хамрагдсан хүмүүс 14 хоноод халдвар авахгүй, тараахгүй, өвдсөн ч огт хүндрэхгүй гэж андуурснаас өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.
Анх хүн амын 60-70 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар халдвар буурна гэж байсан бол одоо дэлхий нийтээрээ энэ шалгуурыг 80-85 хувь болгон өсгөж эхэллээ. Гэтэл бид нийт хүн амын 60 орчим хувийг дархлаажуулна шүү дээ.
Монголын хувьд насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулахаар зорилтот бүлгийн тоог 2 сая 67 мянга гэж тогтоосон нь нийт хүн амын 62 орчим хувь бөгөөд үүнийхээ 90 хувьд нь хүрээд гацчихаад байна шүү дээ.
Хоёрдугаар тунд хамрагдсан хүн 49 хувь байгаа. Тэгэхээр вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй 800 мянган хүн байгаа. Мөн дээр нь вакцины эсрэг заалттай, дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс маш өндөр эрсдэлтэй. Бас нийт хүн амын 1/3 хувийг эзлэх хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй учраас улс нийтээрээ тайвшрах огт болоогүй. Орон нутагт байдал их хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гамшгийн хэмжээнд дөхлөө. Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000-д хүрч магадгүй. Долоо, наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна.
"ВАКЦИНЫ НӨЛӨӨ ИРЭХ 7,8 ДУГААР САРД МЭДЭГДЭЖ ЭХЭЛНЭ"
-Эдийн засагчид дахин хөл хорио тогтоох боломжгүй гэдгийг хэлж буй. Энэ удаа хөл хорио тогтоовол үр дүн гарах болов уу?
-Хөл хорионы нөлөөнөөс вакцины нөлөө нь илүү болсон. Ирэх долоо, наймдугаар сард л вакцины нөлөө бүгдэд мэдэгдэж эхэлнэ. Бүр онцгой тохиолдол үүсэхгүй бол бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох шаардлага одоо байхгүй. Харин халдвар гараагүй байгаа сумдад орох хөдөлгөөнд маш хатуу хяналт тавих шаардлагатай. Мөн халдварын том голомтуудад хэсэгчлэн хөл хориог чангаруулах шаардлагатай. Өнгөрсөн өвөл, хавар биднийг “Хөл хорио тогтооё. Хүнд байдалд орно” гэж анхааруулаад байхад “Цар тахалтай хамт амьдаръя, эдийн засгаа бодъё” гэcээр одоо яг тэр байдалдаа хүссэн, хүсээгүй хүрчихлээ.
Түргэн өөрчлөгддөг эрсдэлтэй нөхцөлд яах вэ гэдгийг хэлэхэд хүндрэлтэй. Сүүлийн хөл хориог арай өмнө буюу өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-200 байхад тогтоосон бол өнөөдөр тэр тоотойгоо л явж байх байлаа. Гэсэн хэдий ч өмнө нь тогтоосон хөл хорио, вакцины үр дүн бий. Хэрэв ямар ч үр нөлөөгүй байсан бол өдөрт халдварын тоо өдөрт 10-20 мянгаар тоологдох байсан.
–Та бүхэн зургадугаар сарын дундуур халдварын тархалт оргил үедээ хүрч хүндэрнэ гэдгийг анхааруулсан гэлээ. Эрдэмтэн судлаачдын үгийг сонсохгүй байна уу, мэргэжлийн хүмүүс нь зоригтой дугарч чадахгүй байна уу?
-Урьдчилсан тооцоо судалгааг янз бүрийн хувилбартайгаар гаргаж өгч байгаа. Хэрэв хоёрдугаар тунд зургадугаарр сарын 1 гэхэд бүрэн хамрагдаад дуусах юм бол энэ сарын 15-аас вакцины нөлөөгөөр багасах нь ойлгомжтой байсан. Гэтэл өнөөдөр вакцинжуулалт бүрэн дуусаагүй байна. Жишээлбэл, ОХУ-ын “Спутник V” вакцины хоёр дахь тун нь хэзээ ирэх нь тодорхойгүй, хүлээлттэй байх шиг байна.
Эгзэгтэй цаг мөчид иргэд нэг дор олноор цугларах нь хэрээс хэтэрч байна. Үүний хор уршиг өнөөдөр гарч байна шүү дээ. Тэгэхлээр байдал зургадугаар сарын сүүлч хүртэл хүндэрсэн хэвээр байна.
Анх халдварын тархалтын тоог маш өндөр хувьтай бүртгэж байсан. Нэг, хоёрдугаар хавьтал гээд нэг бүрчлэн бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, бодитоор өвчилсөн хүний тоог үнэн зөв мэддэг учраас прогнозыг сайн хийдэг байсан. Гэтэл өнөөдөр халдвар авсан хүний цаана хэчнээн хүн өвчилснийг хэлэхэд маш төвөгтэй байдал үүслээ.
-Тэгэхээр Монгол Улс цар тахлын оргил үеийг бодитоор зураглаж, эрсдэлийг бүрэн тооцоолж чадахгүй байна гэсэн үг үү?
-Өнөөдөр халдвартай нэг хүний ард 3-4 хүн байгаа гэж бодоход 1000-2000 шинэ тохиолдлын цаана 5000-6000 хүн өвдчихсөн халдвар тараагаад явж байх магадлалтай л даа. Тэгсэн ч гэсэн бид албан ёсны тоон дээр л анализ хийхээс өөр аргагүй, бодит байдал дээр эрсдэл 2-3 дахин өндөр байна.
Өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийгдсэн бөгөөд улсын хэмжээнд “Маш өндөр” гарсан. Тэр тусмаа хөдөө орон нутагт халдварын эрсдэл маш өндөр гэж гарсан. Үүний улмаас алслагдсан байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хурд, хүртээмж, зардлын асуудал сөхөгдөж, цаашид нас баралт нэмэгдэх магадлалтай байгаа.
Халдварын өсөлтөөс нэлээд хэд хоногийн дараа нас баралт дагаж өсдөг. Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээллээр хэдэн тоо хэлэхээс гадна ямар ч анализ хийх аргагүй байна.
Нөхцөл байдал ээдрээтэй, хурдан өөрчлөгдөж байна. Салбарын дарга цэрэг нь гарч ирж бодит байдлыг ярихгүй байна.
"ШИНЖИЛГЭЭГЭЭР СӨРӨГ ХАРИУ ГАРСАН Ч ХАЛДВАР АВСАН БАЙХ МАГАДЛАЛ 30-40 ХУВЬТАЙ БАЙДАГ"
-Иргэдийн хувьд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариунд эргэлзэх тохиолдол гарч байна. Ер нь Монголд шинжилгээг ямар түвшинд хийж байна вэ?
-Шинжилгээний талаар эмч мэргэжилтнүүд маш тодорхой хэлсэн. Хэрвээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу эерэг гарвал өндөр халдвартай гэсэн үг. Харин PCR шинжилгээгээр эерэг гарвал гарцаагүй халдвартай гэсэн үг. Шинжилгээгээр сөрөг хариу гарсан ч бодитоор бол эерэг буюу халдвар авсан байх магадлал 30-40 хувьтай байдгийг анхаарах хэрэгтэй. Тэр бол тайвшруулдаг, маш аюултай. Өнөөдөр хүссэн хүн бүрээс шинжилгээ авах боломжгүй байна, шинжилгээгүй бол эмнэлэгт хэвтүүлэхгүй гээд хүмүүсийг гэрээр нь хүндрүүлэх тохиолдол гарч байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах байх.
-Вакцинжуулалтад иргэдээ бүрэн хамруулснаар халдварын тархалт буурах хүлээлтэй байгаа. Гэтэл сүүлийн үед вакцины хоёр тунд хамрагдсан иргэд ч халдвар авч байна. Энэ тал дээр хийж буй судалгаа бий юу?
-Ер нь вакцины хоёр тунгаа хийлгэсэн дөрвөн хүний нэг нь халдвар авах магадлалтай. Гурав нь хамгаалагдаж байгаа буюу вакцины нөлөө 75 хувь нь гэсэн үг. Бидний хийсэн тоон анализаар 74 хувь гэж гарсан. Хэрэв хоёр тун хийлгэсний дараагаар халдварын хүндрэлийн улмаас нас барж байгаа хүн бол үнэхээр харамсалтай. Эдгээр хүмүүс ихэнх нь өөрсдийгөө бүрэн вакцинаа хийлгэсэн гээд тайвширч анхаарал болгоомжоо алдах, хууч өвчин хөдөлсөн гэж андуурч хүндрүүлчихээд байна. Үүнийг хаана хаанаа анхаараасай.
Эмнэлгийн ачааллаас давсан учраас л халдвартай иргэдийг гэрээр эмчилж байгаа. Тэрнээс биш ямар ч өвчтэй хүн эмнэлэгт хандаж, үйлчилгээ авах ёстой.
Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ. Халдварын тархалт аж ахуй нэгж, байгууллагууд дээр гарч, тэндээсээ гэр бүлдээ халдвар тарааж байна. Гэрт нэг хүн халдвар авахад вакцин хийлгэсэн гишүүн нь ч хамт өвдөнө шүү дээ. Энэ цаг үед байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлага маш чухал болоод байна.
-Ард иргэдэд эрдэмтэн судлаач хүний зөвлөгөө маш чухал. Та иргэдэд ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Иргэд маань эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үгийг сонсч, дагаарай. Энэ цаг үед шинжлэх ухаанд итгэх нь чухал. Олон нийтийн сүлжээ, улс төржсөн мэдээллээс аль болох сэрэмжилж, эмч нарынхаа үгийг сонсооч ээ гэж хэлье.
Бид хаа сайгүй халдвар дунд амьдарч байна. Тийм учраас хүн болгоны хувийн хамгаалалт, сонор сэрэмж, маш чухал. Нэг талаас айж түгшихгүйгээр, нөгөө талаас тайвширч сэрэмж алдахгүйгээр хувийн хамгаалалт болон бусдад тавих шаардлагаа үнэхээр сайжруулах хэрэгтэй байна.
Ямар ч тохиолдолд бие өвдөх, шинж тэмдэг илэрч байгаа бол Covid-19-ийн халдвар гэж урьдчилсан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй. Хүндрүүлж, цаг алдаж болохгүй. “Хашраас унаж үхдэггүй” гэж үг бий шүү дээ. Хэрэв эрүүл бол сайн л биз. Зуны дэлгэр цаг ирлээ. Аливаа зүйлд өөдрөг, ухаалаг хандаж эрүүл саруул байхыг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ