Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна

Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах хуучны есөн давхар орон сууцны хороолол дунд 2-3 тоглоомын талбай бий. Тэнд хүүхдүүд тоглож, томчууд салхилж сууна. Хоорондоо хөөцөлдөж гүйх, тоглож халууцсандаа хацар нь улайж, хөлс нь бурзайсан хүүхдүүд амны хаалтаа эрүүндээ зүүжээ.  Тэрч бүү хэл зарим нь амны хаалтгүй тоглоцгооно.

Зуны амралт эхэлсэн ч бүтэн жил гэртээ хоригдсон  хүүхдүүд зусланд амарч, хөдөө явах нь бүү хэл гэрийнхээ гадаах талбайд тоглох нь хориотой.  Вакцинд хамрагдах боломжгүй тул хамгийн эрсдэлтэй бүлэг нь хүүхдүүд болцгоосон. Хоногт бүртгэгдэх халдварын 30-40 хувийг хүүхдүүд эзлэж байна.  Хүүхэд л болсон хойно хэнэггүйтэх, аав ээжийнхээ захиасыг мартаж, амны хаалтаа тайлах нь энүүхэнд. Тэдэнд амны хаалтаа тайлж болохгүй шүү гэж анхааруулах томчууд ч ховорхон.

 Найман настай Б.Чингүүн “Аав ээж гадаа гарч тоглохыг зөвшөөрдөггүй, хориглодог болсон. Гэртээ байхаар уйддаг. Гадаа гарч тоглуулбал “битгий удаарай”, “маскаа тайлж болохгүй шүү” гэдэг. Масктай тоглох хэцүү байдаг” гэв.

Тоглоомын талбай халдварын эрсдэлтэйг тэд ойлгохгүй. Тэд цар тахлын улмаас өвөлжин, хаваржин гэртээ хоригдож дэлгэц ширтсээр залхжээ.

                  ГАДАА ГАРЧ ТОГЛОХЫГ ХОРИГЛОСОН 

 Түүний нэр  У.ЭГШИГЛЭНТ. Одоо 12 настай. Хичээлдээ явж найзуудтайгаа уулзахын бөөн мөрөөсөл.

Тэрбээр "Сургуульдаа явж чадахгүй болохоор уйдаж, найзуудаа санаж байна. Одоо хичээлдээ явмаар байна.Гэртээ цахимаар хичээллэж,  утас ширтэхээр  хараа муудаж, толгой өвддөг болсон. Аав ээж, ах эгч нар гэрийн гадаа удаан тоглуулахаа больсон. Аль болох “гэртээ бай” гэж хэлдэг. Гэрээс гарахад “Амны хаалтаа тайлж болохгүй шүү, тоглосон ч гараа ариутгаарай.  Цагийн дараа гэртээ орж ирээрэй” гэж захидаг. Ер нь өдөр бүр гарч тоглохоо больсон, гурав хоноод нэг л гарч тоглодог гэлээ. Зун гадаа амны хаалттай тоглохоор хөлрөөд амьсгалахад хүнд байна. Өмнөх шигээ амны хаалтгүй л тогломоор байна" гэв.

Харин 13 настай Т.МЭНДСАЙХАН өдөрт хоёр цагаас илүү гарах эрхгүй.  Найзуудтайгаа  уулзах боломжгүй тул фэйсбүүкээр холбогддог аж.  Аав, ээж нь аль болох гэрээс гарахыг хориглож “Гэртээ л бай” захидаг гэнэ.  Амны хаалтгүй, айдас эрсдэлгүй үеэ хүү санагалзах нь өрөвдөлтэй.

Хүүхдүүд ердөө гадаа дураараа, эрх чөлөөтэй тоглохыг хүсч байна. Аргагүй ч биз хоёр хичээлийн жил хорионд орсон тэд утас, телевизээс уйдаж эхлэж.

Жижигчүүл гэлтгүй сагс тоглож буй өсвөр насныхан ч амны хаалтаа авсан харагдав.   Амны хаалтаа аль болохоор зүүх хэрэгтэйг сануулахад  "вакцинд хамрагдсан” гэх тайлбарыг хэллээ. Гэхдээ вакцин хийлгэлээ гээд айдас ард үлдээгүй болохыг эцэг эхчүүд хэлж зөвлөх шаардлагатай болжээ.  Зөвхөн хүүхдүүд ч биш тоглоомын талбайд салхилж суугаа  зарим хөгшид амны хаалтаа зүүгээгүй байлаа. Хажууд нь тоглох ач, зээ нар нь бас амны хаалтгүй.  Тэд "нялх  хүүхдүүд болохоор амны хаалтаа авч шийдээд, дургүйцээд байдаг" талаар ярьж байна.

ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХҮҮХДҮҮД ХАЛДВАРТ ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч Н.АМАРБАЯСГАЛАН: 

-Халдварт өртсөн хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байна. Иймд хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Иргэд хүүхдүүдээ халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарахгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байна. Сагс тоглож буй хүүхдүүд амны хаалтгүй байдаг. Маск зүү гэж шаардахад үг авахгүй байна. Тоглоомын талбай бохир гараар л дамжиж байгаа шүү дээ. Манай СӨХ ариутгал халдваргүйтэл хийдгийг мэдэхгүй.  Хүүхдүүдээ гадаа тоглуулж байгаа бол бээлий зүүлгэх хэрэгтэй байна. Багачууд гадаа тоглохгүй гээд яахав. Гэхдээ хүүхдээ халдварт өртөхөөс эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Би ач зээ нараа хүн багатай үед л гарч тоглуулж байна. Өөрсдөө ч гадаа гаръя гэж их гуйна. Агаар салхи дутагдаж байна шүү дээ.

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч Г.БАТМӨНХ:

-Хамгийн эрсдэлтэй нь  тоглоомын талбай. Бага насны хүүхдүүд амны хаалтгүй л тоглож байна шүү дээ. Эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд л анхаарал хандуулснаас биш иргэддээ анхаарсан зүйл алга. Гэтэл хүүхдүүд амны хаалтгүй тоглож байгаа нь халдвар тархах эрсдэж болж байна. Нийслэл бүхэлдээ халдварын голомт боллоо шүү дээ. СӨХ тоглоомын талбайд ариутгал хийдэггүй. Миний хувьд ач, зээ нараа гадаа гарч тоглуулахаас илүү гэртээ бай гэж зөвлөдөг. “Битгий гадаа гар, хэрэггүй” гэж хэлдэг ч арга буюу хүн багатай үед хааяа л хамт салхилж байна.

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч Х.ГОМБОСҮРЭНЖАВ: 

-Хүмүүс дор бүрнээ хичээвэл тоглоомын талбайгаас халдварт өртөх эрсдэл бага шүү дээ. Гэхдээ тоглоомын талбайд багачууд амны хаалт зүүхгүй байна. Сургуулийн насны хүүхдүүд маскаа зүү гэж хэлэхэд үгэнд ордог. Миний хувьд ач зээгээ хүн багатай үед салхилуулж байна. Цар тахлын үед өтгөс, нялхас, идэр залуус хүн бүр л амны хаалтаа зүүж хичээх хэрэгтэй. Бүгд хичээж чадвал бид халдварыг ялна. Тиймээс төр арга хэмжээ авсан ч иргэд хичээхгүй бол үр дүнгүй.

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч О.ОРГИЛ: 

-Тоглоомын талбайд  хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй гэж боддог. Тиймээс хүүхдүүдтэйгээ хамт салхилдаг. Аль болох хүн багатай үед л гэрээсээ гарч байна. Олон хүүхэдтэй тоглуулахгүй, зай барьж л тоглоомын талбайд салхилж байна. Хүн бүр л хичээх хэрэгтэй байна. Хүүхдүүддээ амны хаалтыг нь зүүлгэж, боломжтой үедээ хамт салхилах хэрэгтэй.

ХӨСҮТ: САЛХИТАЙ ҮЕД  ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ БАГА

Эцэг эхчүүдийн хувьд цар тахлын үед хүүхдүүдээ гадаа гарч тоглуулахаас ч айдаг болжээ. Халдварын хүрээ хумигдаагүй, хүүхдүүдийг дархлаажуулаагүй байгаа энэ үед тоглоомын талбай эрсдэлтэй орчин болоод байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр олон хүн нэг дор цуглах нь эрсдэлтэй ч агаар сэлгэлт сайн бол халдварт өртөх нь бага аж. Тус төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач АУ-ны доктор  Э.Тэмүүлэн “Covid-19 халдвар дамжих эх үүсвэр нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг. Ялангуяа амны хаалтгүй ярих, инээж ханиалгах үед халдварт өртөх эрсдэлтэй.

Нүд, хамар, амны салстаар дамжиж халдварлана. Тиймээс гадаа тоглож буй хүүхдүүд нэгэндээ халдвар тараах боломжтой. Гэхдээ гадаа тоглох үед салхитай, агаар сэлгэлт сайн бол вирус удаан, хол газар тархаж чаддаггүй. Ийм тохиолдолд халдварт өртөх эрсдэл харьцангуй бага. Харин амны хаалтгүй 15 минутаас дээш хоорондоо ярих, хоёр метрээс дотогш зайд хамт байгаа тохиолдолд халдвар авч болно. Ерөнхийдөө гадаа халдвар авах магадлал бага. Хүүхдүүдийн хувьд бусад насны бүлэгтэй харьцуулахад өвчлөл тийм ч ихсээгүй.

Дархлаажуулаагүй учраас бага зэрэг нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байгаа юм. Тиймээс биш хүүхдийн өвчлөл санаа зовох хэмжээнд хүрээгүй. Бидэнд байгаа мэдээллээр 10-аас доош насны хүүхдүүд халдвар авах, тараах эрсдэл бага. Халдварт өртсөн ч хөнгөн өвдөж байна. Ихэвчлэн шинж тэмдэггүй, өвдсөн нь мэдэгдэхгүй эдгэх тохиолдлууд ч их байна” гэлээ.

Олон нийтийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй. Энэ хүрээнд хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж халдваргүйтэл хийх үүрэг чиглэлийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгч байсан билээ. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж халдваргүйтэл хийх ажлыг тухайн орон сууцны  Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ / хариуцаж буй. Зарим СӨХ-ны зүгээс  хлормин, ариутгагч бодисоор халдваргүйжүүлж байгаа бол зарим нь огт ариутгал халдваргүйтэл хийдэггүй гэж оршин суугчид шүүмжилж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж