“Мотоциклтой дэлхийгээр аялах мөрөөдөлтэй ээж, охин хоёр”

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

“Мотоциклтой дэлхийгээр аялах мөрөөдөлтэй ээж, охин хоёр”

“Мотоциклтой дэлхийгээр аялах мөрөөдөлтэй ээж, охин хоёр”

Мото спортыг эрэгтэйчүүдийн, эр зоригийн спорт хэмээн тодотгох хүмүүс цөөнгүй. Гэвч мото спортод  “дурлаж”, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон Н.Оргилмаа бүсгүйг та бүхэнд танилцуулъя. Тэрбээр 14 жилийн өмнөөс мото спортыг сонирхож эхэлсэн бөгөөд мотоциклоо унан бартаат замын аялалд гарч, өөрийгөө сорих дуртай. Сүүлийн жилүүдэд Н.Оргилмаа бүсгүйн том охин Т.Сарангуа мотоциклтой аялагчдын эгнээнд элсэж, бартаат замын аялалд ээжийнхээ хамтаар гарах болсон гэнэ. Өнгөрсөн жил 500 километр аялаж байсан тэд  энэ жил  мянган километрийг мотоциклтой туулжээ. Мянга мянган километр замыг хамтдаа туулах чин хүслийг тээсэн ээж, охин хоёрын ярилцлагыг та бүхэндээ хүргэе.


-Саяхан охинтойгоо 1000 километр замыг туулж аялаад ирсэн гэсэн. Цар тахлын үед хөдөөгүүр аялах бэрхшээлтэй байв уу?

-Мотоциклтой богинын аяллуудад охиноо дагуулж явдаг байсан. Тиймээс зөвхөн охинтойгоо хоёулхнаа мотоциклтой аялахаар  шийдээд өнгөрсөн жилээс аяллаа эхлүүлсэн. Аяллын явцад охинтойгоо чин сэтгэлээсээ ярилцаж, цуг байж, цаг гаргах болсон. Өмнө жил 500 километр аялж байсан. Энэ жилийн хувьд Улаанбаатар-Лүн-Дашинчилэн-Булган-Эрдэнэт гэх маршрутын дагуу 1000 километр аялаад ирлээ.

-Мотоциклоо унаад хоёулхнаа аялах санааг охин чинь яаж хүлээж авсан бэ?

-Жилд нэг удаа хоёулхнаа холын аялалд гарах талаар санаагаа хэлэхэд охин маань маш их баярлаж хүлээж авсан. Учир нь миний охин ч мото спортыг маш их сонирхож, татагдах болсон. Ер нь дуртай, сонирхож буй зүйлийг нь ээж нь хамт хийвэл хүүхдэд илүү их аз жаргалыг төрүүлдэг юм шиг санагдсан. Аливаа зүйлийг чадахгүйгээс чадах хүртэл нь зааж зөвлөж, цугтаа хийх нь чухал шүү дээ. Тэр тусмаа охиныгоо ирээдүйд хүний үг даадаг, аливаа хүнд хэцүү нөхцөлийг даван туулах, тэсвэр хатуужилтай болгохын тулд мотоциклын спорт руу оруулсан. Сонирхлоор нь дамжуулан  багаас нь амьдралд бэлдэж байгаа ч гэж хэлж болох юм.

-Аялагчдад цаг агаарын нөхцөл хамгийн том шалгууруудын нэг болдог байх. Энэ удаагийн аялалд цаг агаарын нөхцөл байдал хэр байв?

-Аяллын үеэр цаг агаар тогтворгүй, сэрүүвтэр байлаа. Салхи, бороо, мөндөртэй өдрүүд олонтаа таарсан.  Ихэнхдээ шороон замаар аяласан. Шавартай, элстэй бартаат замын аялал байсан.

-Өмнө жилийн аяллаас энэ удаагийнх ямар онцлогтой байв. Охин нь мотоциклоо унах тал дээр өмнөх жилтэй харьцуулахад туршлагажсан байна уу?

-Ачаалал даах чадвар нь өмнө жилтэй харьцуулахад илүү сайжирсан юм шиг санагдсан. Хэр баргийн зүйл дээр ядарч, өлсөж байна гэж үг унагаагаагүй. Бас өмнөх жилээс өндрөөрөө өссөн байсан учраас мотоцикл унахад илүү амар болчихсон байсан.

-Охинтойгоо аялах нь өөр мото сонирхогч хүмүүстэй аяллахаас  илүү өөр мэдрэмж, бас илүү үүрэг хариуцлага дагуулсан байх?

-Бусад хүмүүстэй аялж байхад тэднээсээ хоцрохгүй, уначихгүй шиг явах юм сан гэж өөртөө илүү анхаарал хандуулдаг. Харин охинтойгоо аялана гэдэг маш том хариуцлага. Охин минь уначих вий, бэртчих вий гэх айдас дүүрэн. Хэдий айдас ихтэй боловч охинтойгоо цуг аялж учраас цаг ямагт аз жаргалыг мэдэрч байсан.

-Ер нь мотоцикл унахад охиндоо хамгийн их захидаг, анхааруулдаг зүйл юу вэ?

-Замынхаа нөхцөл байдалд тохируулж хэрхэн мотоциклоо унах талаар зөвлөдөг. Мөн мотоцикл унахад аюулгүй байдлыг хангах хамгийн чухал. Ингэхдээ техникийн болон хувийн хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн өмсөж хөдөлгөөнд оролцоно гэдгийг л байнга хэлдэг дээ.

-Охиныгоо анх мотоцикл унахыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Монголд мотоцикл унадаг охид, эмэгтэйчүүд тун цөөхөн. Тиймээс олон охид эмэгтэйчүүдийг энэ спортыг сонирхоосой гэж хүсдэг. Охин маань нэгдүгээр ангиасаа мотоцикл унаж эхэлсэн. Мото спортыг сонирхогч гэр бүлийн хувьд охиныхоо сонирхлыг дэмжиж хүлээж авсан.

-Мотоциклд нь эвдрэл, гэмтэл гарвал түүнийг хэрхэн зохицуулж байсан бэ?

-Миний хувьд мотоциклтой аялалд нэлээн их гардаг. Тийм ч учраас наад захын засвар үйлчилгээгээ өөрөө хийчихдэг. Үнэхээр чадахгүй эвдрэл гарвал хүмүүсээс тусламж авдаг.

-Зөвхөн мотоциклтой аялалаас авч чадах хамгийн үнэ цэнэтэй мэдрэмж нь юу байдаг вэ? 

-Мотоциклтой аялах нь машинаа унаад аялахаас тэс ондоо. Учир нь мотоциклтой аяллын явцад байгалийн үзэгдлүүдийг бие, сэтгэлээрээ мэдэрч, бартаа саадтай бүхнийг туулж гарсаны дараа өөрөөрөө бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Мөн маш их тэсвэр тэвчээр, хатуужлыг олж авдаг гэж боддог. Миний хувьд засмал замаас илүүтэй бартаа саадтай шороон замаар явж, өөрийгөө сорих их дуртай. Мөн байгалийн хамгийн үзэсгэлэнт газар очиж чаддаг кроссын төрлийн мотоцикл унаж чаддаг гэдэг маань өөрт бахархууштай санагддаг.

-Ээж, охин хоёрын цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?

Охинтойгоо Монгол эх орноо тойрч дууссаны дараа гадаадын улс орнууд руу мотоциклтой аялах бодолтой байгаа. Охин бид хоёрт мотоциклоо унаад дэлхийг тойрох хүсэл мөрөөдөл бий.

БИ ЭЭЖТЭЙГЭЭ ЦУГ БАЙХДАА ЮУНААС Ч АЙХГҮЙГЭЭР ТАЙВАН МОТОЦИКЛОО УНАЖ ЧАДДАГ

Ээжийнхээ мотоцикл унаж, аялалд явахыг харсаар ижил сонирхолтой болж, аялалаа эхлүүлсэн Т.Сарангуа охин. Тэрбээр ирэх намар аравдугаар ангийн сурагч болох аж. 1500 километрийн мотоциклтой аялалынхаа талаар “Аялал бүр онцгой мэдрэмжийг надад төрүүлдэг. Тэр дундаа ээжтэйгээ цуг мотоциклтой аяласан нь их дурсамж үлдээсэн. Ээжтэйгээ хоёулхнаа аялахын хамгийн сайхан нь бие биетэйгээ илүү ойр дотно байж, ярилцах боломж олдсон явдал юм. Харин цаг агаарын хүнд нөхцөлд заримдаа хүндрэл тулгарч байсан.  Жишээлбэл, мөндөр орж, цасаар шуурах үед мотоцикл далийж, гулгах, зам харагдахгүй байх үе бий. Бас шөнийн цагаар автомашинууд гэрлээ шилжүүлэхгүй байх нь хэцүү юм билээ. Ээж маань цаг ямагт надад зөвлөж, урмын үгийг хайрлаж байсан учраас зоригтой байсан. Зоригтой байсныхаа хүчээр аяллын туршид тулгарсан саад, бэрхшээл бүрийг туулж чадсан гэж бодож байгаа. Би ээжтэйгээ цуг байхдаа юунаас ч айхгүйгээр тайван мотоциклоо унаад, аялж чаддаг” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж