2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшиж, өрсөлдсөн У.Хүрэлсүх олонхын санал авч, ялалт байгуулав. Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг олонхын санал авсан учраас Ерөнхийлөгчөөр сонгосонд тооцож, УИХ-д өргөн барьснаар зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө.
Найм дахь удаагийн, зургаа дахь Ерөнхийлөгч тодрох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль анх эхлэх цагаасаа л тавилттай, бэлтгэгдсэн хэмээн улс төрийн хүрээнд дүгнэгдэж байв.
Учир нь МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нэр дэвших эрхгүй болж, АН, ХҮН-аас өрсөлдөгчөө “захиалсан” гэх яриа ч гарах болсон. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш тамга, даргын маргаантай явсан Ардчилсан нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч гаргаж ирнэ гэдэг эргэлзээтэй байсан. Ялангуяа 2020 оны УИХ-ын сонгуульд намаа тэргүүлж ороод ялагдал хүлээсэн, ажлаа өгсөн намын дарга С.Эрдэнэ өрсөлдсөн нь ийн “захиалагч”-тай сонгууль гэж хэлэхэд хүргэв. Нөгөө талдаа улс төрд шинэхэн нам болон Хөдөлмөрийн үндэсний намаас ямар нэр дэвшигч өрсөлдөх вэ гэдгээс илүү шинэ хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, намаа таниулах, дараа дараагийн сонгуульд амжилттай оролцох эхлэлээ тавьсан сонгууль болж өнгөрөв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд богино буюу хоёр долоо хоног л үргэлжлэх, дээрээс нь covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор шинэ хүмүүст бус улстөрд идэвхтэй тоглогч байсан У.Хүрэлсүхэд илүү их боломжийг бүрдүүлж, эрх барьж буй намын хувьд далд сурталчилгаа өрнүүлсэн гэж улс төр судлаачид онцолж буй. Нийтлэлч Баабарын хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн эхлэхээс нь ч өмнө тодорхой болчихсон байсан зүйл.
Улс төрийн намууд шинэчлэгдэх, хүчтэй өрсөлдөгч буюу гуравдагч хүчин байх, нэг намын дарангуйлалд бус илүү ардчилсан, ургалч үзэлтэй байх ёстой гэдгийг харуулсан сонгууль боллоо гэж судлаачид төдийгүй улс төрийн хүрээнд дүгнэж байна.
У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Эрх баригчдын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх зохицуулалтын дагуу У.Хүрэлсүх 2027 он хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллана. Бүрэн эрхийн хугацаа нь covid-19-ийн цар тахалтай үед хэрэгжиж эхэлж буй, Монгол ардын намын 100 жилийн тэгш ойтой давхцаж байгаа гээд олон онцлогуудыг дурдаж болно. Гэхдээ тэр бас ард түмнээс сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгч ч байж болохыг үгүйсгэхгүй. Учир нь эрх баригч нам төдийгүй улстөрчдийн зүгээс парламентын засаглалтай Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгох ёстой гэдэг зарчмыг олон жил ярьж ирсэн. Гэхдээ амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байсаар өдийг хүрсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр ч энэ санал гараад ажил хэрэг болоогүй. Тухайн үед судлаачид, Ардчилсан намын зөвлөлөөс ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх санал оруулж байсан ч эрх баригчид батлаагүй учир УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж байсан үйл явдал ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр гарч байв. Парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг ард нийтийн саналаар бус парламентаас сонгодог байх хувилбар Монголд ч гэсэн тохиромжтой бөгөөд Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох нь эрх мэдлийн төлөөх тэмцэл, маргаан үүснэ гэж судлаачид байнга хэлдэг.
Судлаачдын тодорхойлж буйгаар Монгол Улсыг гадын улс орнууд, судлаачид ч мөн Монгол Улсыг “хагас Ерөнхийлөгчийн засаглалтай” гэж тодорхойлдог гэдгийг хэлдэг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монгол Улс хоёр парламенттай байх, энэ парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог байх асуудлыг хөндөх болсон. Ялангуяа эрх баригч нам, түүнтэй нэгдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс ярьж эхэлсэн нь анхаарал татаж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлахдаа ч Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг нь хязгаарлаж, одоо Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулж байна, эрх баригчид. Тиймээс тэд сонгодог парламентын жишиг рүү явахын тулд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхийлөгчийн эрхийг илүү их хязгаарлах Ерөнхийлөгчийн тухай хуулиадаа шинэчилж чадах болов уу гэдгийг харах л үлдлээ.
Холбоотой мэдээ