Португалын шигшээ багийн гол тоглогчдын нэг, Манчестэр Сити клубын баруун жигүүрийн хамгаалагч Жоао Канселогийн Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт шинжилгээ өгөхөд сөрөг байсан бол өнөөдрийн шинжилгээгээр эерэг гарсан байна.
Ингэснээр Кансело Унгар улсад тусгаарлагдахаар болсон бөгөөд түүнийг орлуулан Манчестэр Юнайтэд клубын тоглогч Диого Далотыг шигшээ багт дууджээ.
Далотын хувьд хэдхэн хоногийн өмнө буюу зургадугаар сарын 6-ны өдөр Португалын 21-ээс доош насны шигшээ багийн хамт Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медалийг хүртээд байсан юм.