АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөрсөн 2020 оны тавдугаар сард өнгөт арьст иргэн Жорж Флойдыг цагаан арьст цагдаа баривчлах үедээ хүзүүн дээр нь өвдөглөснөөс болж амьсгал хураасан билээ.
Тухайн мөчийг гар утсаараа дүрс бичлэгт буулган үлдээсэн өсвөр насны охин Пулитцерийн шагналын эзэн болсон байна. Пулитцер нь Америкийн сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд энэ салбарынхаа “Оскар” гэгддэг юм.
“Өдгөө 18 настай Дарнелла Фрейзерийн эр зоригийг үнэлэн энэ шагналыг гардуулж байна" гэж Пулитцерийн хороо мэдэгджээ.
Түүний хийсэн дүрс бичлэг дэлхий даяар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөх эхлэл болсноос гадна цагдаагийн ажилтан Дерек Шовины хэргийн гол нотлох баримт болсон юм.
Түүнчлэн “Reuters” агентлаг, “Minneapolis Star Tribune” сонин АНУ дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаарх нийтлэлүүдээрээ, “New York Times” сонин, “Atlantic” сэтгүүл “Covid-19” цар тахлын тухай мэдээ мэдээллийг хүргэснээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байна.
Эх сурвалж: CNN