Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онцгой комисс хуралдаж, гурав хоногийн хатуу хөл хорио тогтоожээ. Тухайлбал, 2021 оны зургадугаар сарын 13-16-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд Covid-19 цар тахлын халдвар эрчимтэй нэмэгдэж буй. Энэ сарын 10-ны өдөр 42, 11-ний өдөр 26 тохиолдол бүртгэгдсэн бол 12-ны өдөр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 568 болоод байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.
Орон нутагт халдварын тохиолдол энэ долоо хоногт маш өндөр бүртгэгдсэн учраас иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаж хөл хорионы дэглэмийг чанд баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас хүсч байна. Одоогоор нийслэл болон орон нутагт хөл хорио тогтоох асуудал яригдаагүй байгаа бөгөөд халдварын тархалт өндөр байгаа сумдын хэмжээнд тодорхой арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа аж.