Хаврын тариалалтын ажлын явцын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.
-Энэ оны хаврын тариалалтыг онцлог нөхцөлтэй явуулж байна. Covid-19 нөхцөл байдал хүнд байгаа учраас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Гэхдээ бид хаврын тариалалтаас өмнө тариаланчдаа вакцинд хамруулсан.
Нийтдээ 530 мянган га талбайд тариалалт хийхээс 396 мянга га талбайд улаан буудай тариалж байна. Улаан буудайн тариалалт 96 хувьд хүрсэн. Ингэснээр улаан буудайн тариалалт дууссан гэж ойлгож болно. Одоо хүнсний ногооны тариалалтаа тариаланчид хийж, үрсэлгээг ил талбайд шилжүүлж байна.
Мөн тэжээлийн ургамлын тариалалтыг хийж байна. Хаврын тариалалт өмнөх жилүүдийнхээс хүйтэн байсан учраас 3-4 хоногоор хоцорч эхэлсэн. Гэхдээ ажлын явц эрчимтэй явагдаж байгаа.
Тариаланчдад олгож байгаа гурван хүүтэй зээлийн тухайд 900 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт арилжааны банкуудад ирсэн. Үүнээс 386 аж ахуйн нэгжийн 17.6 тэрбум төгрөгийн зээлийг шийдсэн. Одоо хаврын тариалалт үргэлжилж байгаа учраас тариаланчид банкинд очиж зээлээ судлуулах, хөөцөлдөх боломж муу байна. Тиймээс зээлийн олголт судалгааны явцдаа бага зэрэг удаж байх шиг байна.
Холбоотой мэдээ