Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэж захидал илгээсэн талаар “The Hans India” цахим сайт мэдээлжээ.
Баярын захидалд "Би Монгол Улсад 1979 онд анх зочилж байсан. Маш сайхан дурсамжууд бий. Монголын залуус болон ахмад үеийнхэн хүний үнэт зүйлийг түгээх миний хүчин чармайлтыг дэмжиж, орчин үеийн боловсролын тогтолцоонд уламжлалт Буддын ухааны мэдлэгийг нэвтрүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаад би туйлын ихээр баярладаг. Монгол болон Төвөдийн ард түмэн бол эх түүхээрээ холбогдсон, ихэр ахан дүүс шиг улс. Гуравдугаар Далай лам Сономжамцын үеэс л манай хоёр ард түмний холбоо харилцаа бэхэжсэн. Монголд очихдоо хэлж байсанчлан бусад улс орнуудад Буддын шашин дэлгэрсэн байдаг ч монголчуудын хувьд соёл, оюун санааны түвшинд хүрч хөгжсөн түүхэн шашин юм. Буддын сургааль энэрэнгүй сэтгэлийг чухалчилдаг, хувь хүний үзэл бодолтой зөрчилдөггүй, хүн бүрт тусаа өгдөг бөгөөд энэ үнэт зүйлсийг У.Хүрэлсүх болон Монголын Засгийн газар цаашид ч хамгаалан дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж бичсэн байна.
Тэрбээр Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй, дааж явна гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд, У.Хүрэлсүхэд амжилт хүсчээ.
Эх сурвалж: The Hans India
Холбоотой мэдээ