Тойм: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 дахь Ерөнхийлөгчөө сонгов

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

Тойм: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 дахь Ерөнхийлөгчөө сонгов

Тойм: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 дахь Ерөнхийлөгчөө сонгов

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН 6 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч илт давуу байдлаар ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдсан. Энэ оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-ний 07.00-22.00 цагийн хооронд зохион байгуулагдаж, өндөрлөлөө.  Энэ удаагийн сонгуульд 2087 хэсгийн хороонд нийтдээ 2.041.866 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна.

Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс:

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-823.326 санал
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 78.832 санал
  • Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246.968 санал авсан байна.

"ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ДОЛДУГААР САРЫН 4-НД НЭЭНЭ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 10-нд Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцсан. Энэ үеэр тэрбээр "Үндэсний их баяр наадмаар жуулчид Монголыг зорин ирэх боломжийг хангаж өгье гэж байгаа. Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хүлээн авна. Шаардлагатай бол Монголд ирээд вакцинд хамрагдаад, тусгаарлагдах боломжийг олгоё. Долдугаар сарын 4-нөөс шинэ нисэх онгоцны буудал нээнэ гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал цэгцрэх байх. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой, нислэгийн үйл ажиллагааг тогтворжуулахтай холбоотой асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулах хэрэгтэй. Долдугаар сарын 4-нөөс эхлэн олон жил яригдсан нисэх онгоцныхоо буудлыг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай боллоо.

Шаардлагатай бол Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энд Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн таталцлын бүс бий болох ёстой. Ажлын байр, логистик тээврийн төвүүд энд байрлах нь зүйтэй. Богдхан төмөр замын төслийг долдугаар сарын 4-нөөс наадмын өмнө эхлүүлэх хэрэгтэй. Маршрут нь хувийн хэвшлийнхэн дээр тулгуурлана. Улаанбаатар хотын худалдааны төвүүд наашаа гарах эдийн засгийн суурь хөшүүргийн хувийн хэвшлийнхтэй хамтарч хийх нь чухал" гэдгийг хэлсэн юм.

НИЙСЛЭЛ УСАНД АВТАВ

Улаанбаатарт орсон үргэлжилсэн борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, автомашин, явган хүн зорчих боломжгүй болов. Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц зургадугаар сарын 9-нд борооны усанд автсан.

Энэ талаар Геодези, усны байгууламжийн газраас тодруулахад “Сүүлийн өдрүүдэд бороо их орж, өчигдөр уулаараа цастай байсан нь хайлсан. Үүний улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн. Энхтайваны гүүрний нүхэн гарцын тухайд усаа гол руу шахдаг. Гэвч усаа шахдаг голынх нь түвшин нэмэгдсэн учир одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц усаа шахаж чадахгүй байна. Манай байгууллага яаралтай арга хэмжээ авч байна. Дахин бороо орохгүй бол үүсээд буй нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэдгийг хэлж байв.

Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 8-нд борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээлэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад иржээ. Эдгээр дуудлагаас гадна Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаан айл, Зуун модны задгайд гурван айл усанд автсан.

ЦАР ТАХАЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас 10 хоногийн хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлахыг уриалж байна. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрэв. Эрүүл мэндийн яамны Даваа гаригийн мэдээллээр 1177 хүн халдвар авч, хоёр хүн нас барсан бол Мягмарт 1267 хүн өвчилж, таван хүн нас барав. Мөн Лхагва гаригт 1312 хүн өвчилж, зургаан хүн нас барсан, Пүрэв гаригт, 1460 хүн халдвар авч, 10 хүн нас барсан бол Баасан гаригт 1622 хүн өвчилж, найман хүн нас барсан. Харин Бямбад 1792 хүн өвчилж, есөн хүн нас барсан бол Ням гаригт 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа.

Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас олон нийтийн газраар хүүхдийг явуулахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд маш богино хугацаанд хүндэрч байгааг албаныхан мэдээлж байна. Тиймээс хүүхэд хөнгөн өвддөг гэсэн ойлголттой байж болохгүй. Иймд хүүхдийн хоолой амыг зайлах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай. Үүнээс гадна үнсэх, хоолыг ам, халбаганаас өгөхгүй байхыг зөвлөе. Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 30-40 орчим хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байна.

"ШАТАХУУН 600 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭХГҮЙ"

Төрийн ордоны Баганат танхимд Ашигт малтмалын газрын тосны газраас болон Засгийн газрын албаны хүмүүс зургадугаар сарын 11-нд мэдээлэл хийлээ. Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг "Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Ерөнхий сайд бүтээн байгуулалтуудтай танилцаад явж байгаа. Хоёр зүйл дээр няцаалт хийх гэж байна. Шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг худлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Шатахууны үнэ нэмэгдэхгүй.

Мөн долдугаар сарын 1-нээс Засгийн газрын халамж зогсоно гэдэг худал мэдээлэл. Хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлт  гээд таван төрлийн халамжийг Засгийн газрын хурлаар орж хэлэлцүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэх болно.

Гуравдугаарт Ерөнхий сайд эрдэмтдийн багтай нухацтай хуралдсан. Олон улстай харьцуулахад манай улсад вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь халдвар авч байна. Өнөөдөр бүрэн дархлаатай болсон гэж хэлж болохуйц 800 мянган хүн байна. 3.3 сая иргэний 2.5 сая иргэн нь эрсдэлтэй байна. Ийм учраас халдварын тохиолдол буурахгүй. Гэхдээ эрдэмтэд долдугаар сараас жинхэнэ үр дүн гарна гэж үзэж байна. Хатуу хөл хорио тогтоохгүй" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж