Тоглолтын өмнө: Уэльсийн луунууд амжилтаа давтахаар ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.12-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Уэльсийн луунууд амжилтаа давтахаар ирлээ

Тоглолтын өмнө: Уэльсийн луунууд амжилтаа давтахаар ирлээ

Евро-2020 тэмцээний А хэсэгт багтсан Уэльс, Швейцарийн шигшээ багууд өнөөдөр (2021.06.12) 21.00 цагаас Азарбайжаны нийслэл Баку хотноо хоорондоо тоглоно.


УЭЛЬС

Уэльсийн шигшээ багийг бид бүхэн алтан үе дээрээ явж байгаа гэж хэлж болно. 2016 оны ЕАШТ-ий хагас шигшээ хүрсэн гайхалтай амжилтаас хойш аль хэдийнэ таван жил өнгөрчээ. Тухайн үеийн бүрэлдэхүүнээс өдгөө найман тоглогч л шигшээ багт дуудагдаад байна.

2016 оны шигшээ багийн ахлагч хамгаалалтын гол ноён нуруу Эшли Уиллиамс зодог тайлснаас хойш аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга нэгэн цагийн дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарэт Бэил Уэльсийн шигшээг ахлах болсон. Уэльсийн луунууд урьдчилсан шатны тэмцээнд сүүлийн таван тоглолтдоо ялагдал хүлээгээгүй ч эхний гурван тоглолтын хоёрт нь ялагдсан муу үзүүлэлтээсээ болж Хорватыг даган, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан.

Тэд өнгөрсөн жил чансаа ойролцоо багуудтай тоглохдоо бараг л ялагдашгүй байсан ба тэдний Nations League-ийн амжилт үүнийг батална. Үндсэн дасгалжуулагч Райан Гиггз гэмт хэрэгт нэр холбогдсоны дараагаар түүний асуудал шийдэгдтэл түр хугацаанд багийн туслах дасгалжуулагч Роб Пэйж Уэльсийг удирдах болсон нь тэдний хувьд таагүй мэдээ. Энэ ч утгаараа Уэльс ЕВРО-д ирэхээсээ өмнө хоёр нөхөрсөг тоглолт хийхдээ нэг ч гоол оруулаагүй гэсэн муухан үзүүлэлттэй яваа.

Багийн бүрэлдэхүүний хувьд Роб Пэиж төдийлөн их өөрчлөлт хийхийг хүсээгүй. Пэиж Швейцарийн эсрэг хийх тоглолтдоо тэдний үндсэн хувилбар буюу 3-4-3 хувилбарыг ашиглах магадлал өндөртэй. Хаалгачаар Ливерпүүлийн сэлгээний хаалгач Дэнни Уард-ыг хөгшин Уэйн Хэннэсигээс илүүд үзэх ба хамгаалалтад Крис Мэфан, Жо Родон, Бэн Дэвис нарыг гаргах магадлалтай.

Төвийн хагас хамгаалалтад мэдээж хэрэг Жо Аллэн, Аарон Рамзи нар тоглох бол довтолгоонд Манчестэр Юнайтэдийн Даниэл Жэймэс, аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Гэрт Бэйл болон Ливерпүүлийн Харри Уилсон гараанд гарах болов уу.

МАГАДЛАЛТАЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

ШВЕЙЦАРЬ

Владимир Петковичийн залуус 2016 оны ЕВРО-д шилдэг 16-д Польшийн шигшээ багтай торгуулийн цохилт цохин, харамсалтайгаар тэмцээнийг өндөрлүүлж байсан. Харин тэд энэ удаагийн тэмцээний сонгон шалгаруулалтад хэсгээ тэргүүлсэн бөгөөд энэ жил таван жилийн өмнөх амжилтаа ахиулах зорилготой ирсэн нь дамжиггүй. 2011 оны 21-ээс доош насны ЕАШТ-ий дэд байранд орсон залуусын суурь одоо болтол явж байгаа. Багийн ахлагч Гранит Шака, Шердан Шакири, Яан Соммэр нар нар тухайн үед тоглож байв. 

Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Испанийн шигшээтэй 1:1-ээр тэнцсэнээс хойш зургаан тоглолт дараалан ялсан гайхалтай үзүүлэлттэй байна.

Швеейцарийн шигшээ тэмцээнд ирэхийнхээ өмнө Лихтенштэйний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийн, 7:0-ээр бут ниргэсэн нь тэдний ямар сайн формтой байгааг илтгэнэ. 

Багийн бүрэлдэхүүний хувьд дасгалжуулагч 3-4-1-2 гэсэн тактиктай тоглоно гэж үзэж байгаа бөгөөд Лихтенштэйний эсрэг хэт-трик хийсэн Марио Гавронович болон Харис Сэфэрович нар довтолгооны шугамыг бүрдүүлэх магадлалтай бол хагас хамгаалалтад мэдээж хэрэг Гранит Шака болон Шердан Шакири нар тоглох юм.

МАГАДЛАЛТАЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

ТОГЛОЛТЫН ӨМНӨХ БАРИМТУУД:

  • Швейцарь болон Уэльсийн багууд өмнө нь 5 удаа таарч тоглоход 4-д нь Швейцарь ялалт байгуулж байсан.
  • Швейцарийн шигшээ баг 5 дахь удаагаа ЕАШТ-д оролцож байгаа бөгөөд ердөө нэг л удаа буюу 2016 онд хасагдан шатанд шалгарч байсан.
  • Швейцарийн шигшээ баг ЕАШТ-ийн сүүлийн 13 тоглолтынхоо ердөө нэгд нь л нэгээс их гоол оруулсан. (2008 ЕАШТ Швейцарь 2-0 Португал)
  • Уэльсийн шигшээ баг ЕАШТ-ийн сонгон шалгаруулалтад 8 тоглолтод оролцохдоо ердөө 10 гоол оруулсан нь ЕАШТ-д оролцож буй багуудаас хамгийн муу үзүүлэлт.
  • Гарет Бэил Швейцарийн эсрэг хоёр тоглохдоо хоёуланд нь гоол оруулж байсан.

NEWMETA - Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж